Та хэр аз жаргалтай хүн бэ? (2)

Санхүүгийн эрх чөлөө
Иймд гэр бүлтэйгээ их цагийг өнгөрүүлэхийн тулд хувийн бизнестэй болж санхүүгийн эрх чөлөөг бий болгох шаардлагатай юм байна гэсэн дараагийн зорилт урган гарч ирэв. Надад мөнгө байхгүй байлаа. Мөн надад сурах зүйл ч их байлаа.
Эхлээд Монголын томоохон компаниудад орж тэнд ажиллаж, тэднээс суралцаж эхлэв. Нэг л мэдэхэд 3,5 жил зарцуулав. Бараг зорилгоо умартсан, цаг хугацаа урссаар л байлаа. Гэхдээ өөрийгөө хөгжүүлэх хүслээ алдаагүй, хадгалсаар байсандаа өөртөө одоо ч гэсэн баярлаж явдаг. Чамлахааргүй их зүйл сурсан байлаа, ажил дээр гарснаар бизнесийн бичигдээгүй дүрэм журам, зүй тогтлын талаар ойлголтуудыг авч байлаа.
Гэтэл нэгэн шинэ жилийн баяр болж баярын өдөр нилээд сүртэй нэртэй шагнал ч авлаа. Баярласандаа нэг их уугаад өглөө сэртэл, маш олон заруунууд дунд, өмнөх 12ц-ын санах ой нь форматлагдчихсан гэртээ сэрлээ...
Манайх үйлчилгээний байгууллага байсан тул шинэ жил ч 12-р сарын дундуур болсон байсан бөгөөд маргааш нь ажилтай байлаа. Босоход үнэхээр хэцүү байсан ба арай гэж бие чирэн ажил дээрээ орж ирэхэд дандаа л муухай царайлсан улсууд байна. Харин манай захирал ирээгүй байлаа. Тухайн үед надад үнэхээр атаархах сэтгэл төрсөн. Би хэдий сайн ажилтан байлаа ч өглөө босч ажилдаа ирэхгүй бол миний маргаашийн амьдрал ямар ч баталгаагүй юм байна гэдгийг ойлгов...
Гэтэл манай захирал шөнө унтаж байхад нь ч түүний бизнес түүний мөнгийг арвижуулж байдаг, өглөө ажилдаа ирээгүй байсан ч түүний бизнес мөнгө нь өсч л байлаа. Бизнес нь 24ц-ын турш хөрөнгө нь мөнгөний үйлдвэрлэх ба өсөлт нь цаг хугацааны л асуудал. Энэ нь намайг нилээдгүй хурцалж, би ч мөнгөө бааранд үрэхээ нь багасгаж, хувийн бизнесийн талаар бодох болов.

Бэлтгэл хангагдаж, зорилгын зүг жолоо мушгив
Ажлаа ч өөрчилж жижиг, дунд бизнест зээл, зөвлөгөө өгдөг нэгэн төсөлд орж ажиллав. Нэгэнт надад өөрийн хур хөрөнгө байгаагүй учраас багаас нь эхлэх болно, тийм болохоор тэр чиглэлд мэдлэг, туршлага хэрэгтэй гэж үзэв.
Ингээд ажлаа сольж ажилласнаар нэгэн чухал зүйлийг ойлгосон нь яг адил ур чадвартай, адил хэмжээний хөрөнгөтэй эхэлсэн 2 бизнесийн нэг нь амжилттай өргөжин сайжирч байхад, нөгөө нь дампуурч байгаагийн ялгааг гадарлаж эхлэв.
Дараагийн нэгэн ололт нь олон хүнтэй харьцах болсон ба зарим нэг хүмүүс зээл авахын тулд үнэн, худал ярих тохиолдол гардаг байлаа. Хүний хэлсэн үгийг бус тэр үгийг хэлэх болсон шалтгааныг гадарлах болов.
Хүмүүсийн бизнест зөвлөгөө өгдөг байсан ба мэдээж би чадахаараа л тусалж байсан ба энэ нь надад маш их туршлага болж байлаа. Учир нь энэ нь нөгөө талаараа миний гаргасан шийдвэр, зөвлөгөөний хэрэгжүүлэлтүүд хийгдэж байлаа. Мөнгийг зөв удирдаж чаддаг хүнд бага мөнгө ч мөнгө байдаг гэдгийг ойлгов. Нэг сайн мэдээ нь жоохон балгадаг нэг нөхөр, болон ажлын байранд нь хулгай орсон 2 бизнесээс бусад нь одоо ч гэсэн сайн яваа гэнэ лээ, хэ хэ... Үүнд дахин 3-н жил зарцуулсан байв.

Мөн өөрийн бизнесийн гараагаа эхлэв. Энэ хугацаанд төрийн байгууллагын хүнд сурталтай тулгарч томоохон алдагдал ч оров. Тархины багтаамж нь 5 дахин дутуу гэдгийг мэдэрсээр байж, болхи, удаан, ааш муутай зэрэг өөрийн хамгийн тэвчдэггүй зан авиртай хүний өмнүүр ахаа, эгчээ гэж гүйх нь үнэхээр утгагүй санагдаж байлаа. Мөн өөр олон зүйлийг ойлгож авч байсан нь:
- Хүмүүс бизнесийн эзний төлөө бус, түүнд байгаа мөнгөний төлөө ажилладаг
- Хэнд ч найдах хэрэггүй, түүний оронд мөнгөө сайн тооц, тэгээд өөртөө л итгэ
- Ах, дүү болон найз нарын ялгаа

- Мөн өөрийгөө нэг бизнест удаан хүлж, оюун ухаанаа царцааж болохгүй
зэрэг чухал зүйлүүдийг ойлгов. Сүүлийнх нь амжилтын төлөө тууштай байх ойлголттой зөрчилдөж байгаад зарим нэг хүмүүс гайхаж байж магадгүй юм. Энгийн хүнсний дэлгүүр дээр жишээ авъя. Хүнд 100,000₮-өөр худалдагч ажлуулж болох байхад өөрөө худалдагчаа хийдэг олон хүмүүс байдаг. Энэ нь явцуу утгаараа өөрийгөө 100,000₮-өөр үнэлж байгаа хэрэг юм. Үүний оронд хүнсний дэлгүүрээс орох мөнгөн урсгалыг өөр дарааг нь хааш нь хөрөнгө оруулалт оруулах тал дээр зарцуулах ёстой юм. Энэ ихэнхидээ эргээд бизнестэй хөрөнгө оруулалт болж synergy үүсгэхэд чиглэгддэг.

Тодорхой хугацаа өнгөрлөө. Миний бизнес тийм ч өндөр ашиг авчирсан зүйл байхгүй ч, би мөнгөтэй л байлаа. Ямар ч байсан 200м.кв үл хөдлөх хөрөнгөтэй л үлдсэн. Энэ чигээрээ амьдраад байх уу? гэдэг асуулт толгойд эргэлдэж эхлэв. Залуу хүнд бол өсөлт хөгжил, хамт олон ямар чухал болох, өнөөг хүртэл сурсан зүйлээ зэврээж байгаа мэт сэтгэгдэл төрөх болов. Ингээд дараагийн өөрийгөө хөгжүүлэх чиглэл нь санхүүгийн салбарыг сонгов. Ингээд хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулалтын шинжээчээр ажиллах болсон. Эндээс юуг сурсан талаар сүүлд дэлгэрүүлж бичих болно. хэ хэ хэ...

Санхүүгийн эрх чөлөөг олох шаардлагатай ч, үүнтэй өөрийн өсөлт, карьерийг хэт хутгаж болохгүй гэдгийг ойлгов, ялангуяа залуу насанд... Учир нь бизнес хийх нэг хэрэг, карьер өсгөх бол өөр хэрэг, харин хослуулж чадвал маш сайн хэрэг гэдэгтэй санал нийлэх бизээ. Ингээд ТВ-ийн нэгэн шоу-нд амжилттай оролцон өөрийгөө цааш хөгжүүлэх боломжтой болсон ба мэдэх тусам мэддэггүйгээ мэдэрч, мэдсэн мэдлэгээ цэгцлэн, уялдуулж... Мөн чанарын эрэлд аялсаар л...

0 comments: