Монголын эдийн засаг: ИХЭР ХЯМРАЛ - 2009. III

I. Оршил

Та бүхэнд “Монголын эдийн засаг: Ихэр хямрал” нийтлэлээр Монголын эдийн засгийн байдлыг 2009 оны 4-р сарын байдлаар тоймлон хүргэж байсан билээ. Энэхүү нийтлэлд 2009 оны 3-р улирал хүртэл макро эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийн талаар бичлээ.

Дотоод болон гадаад хүчин зүйлсийн нөлөөнөөс шалтгаалан эдийн засагт хэт халалт үүсч, 2007 оны 2-р хагасаас инфляци ихээхэн өсч эхэлсний улмаас Монголбанк инфляцийг бууруулах бодлого барьсан. Энэхүү хумих бодлого нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай давхацсанаар төлбөрийн тэнцлийн хямралыг үүсгэн, эдийн засгийн уналтад хөтөлсөн. Улмаар Засгийн газар болон Монголбанкнаас олон улсын байгууллагуудын тусламжтайгаар хямралыг давж гарах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр төлбөрийн тэнцлийн хямралыг давж гарсан боловч зарим арга хэмжээ оновчгүй байснаас энэхүү хөтөлбөр нь эдийн засгийг сэргээхэд хангалтгүй байсан.

Өмнөх нийтлэлд сануулж байснаар зээлийн чанар муудаж, банкуудын санхүүгийн байдал хүндэрч байгаагаас зээл олголт сэргэхгүй байна. Цаашид зээл олголт буурахад эдийн засаг унаж, энэ нь буцаад зээлийг бууруулах “эргүүлэг” маягийн холбоосыг бий болгож болзошгүй бөгөөд удаан хугацааны эдийн засгийн хүндрэлийг дагуулах аюултай юм.

Мөн өмнөх нийтлэлд зөвлөмж болгож байсанчлан төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх, Монголбанкны бодлогын хүүг бууруулах замаар бодит эдийн засгийг дэмжих арга хэмжээг Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа боловч эдгээрийн хэмжээ хангалттай биш байгаагаас бодит секторын сэргэлт харьцангуй удаашралтай байна.

II. Санхүүгийн салбар

Монголбанк инфляцийг бууруулах зорилгоор 2008 оны 2-р улирлаас мөнгөний хумих бодлого явуулж эхэлсэн бөгөөд өмнөх онуудад жилд дунджаар 40 орчим хувьтай байсан мөнгөний нийлүүлэлтийн өсөлт хурдацтай саарч (Зураг 1а), улмаар инфляци огцом буурч эхэлсэн (Зураг 1б). Мөнгөний нийлүүлэлт буурснаас банкууд хөрвөх чадварын дутагдалд орж эхэлсэн нь банк хоорондын захын овернайт зээлийн хүү төв банкны үнэт цаасны дундаж хүүгээс өндөр болсноос харагдах бөгөөд энэ байдал нь 2009 оны 2-р улирал хүртэл үргэлжилсэн (Зураг 1в). Улмаар банкуудад зээлийн саатал үүсч, зээлийн өсөлт буурч эхэлсэн (Зураг 1г) ба энэ нь 2009 оны 1-р улиралд үйлдвэрлэл буурах нэг шалтгаан болсон.

Бодит ДНБ 2009 оны 1-р улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.2 хувиар буурч, 2-р улиралд 0.7 хувиар өссөн бөгөөөд 3-р улиралд 3.8 хувиар буурчээ. Бодит ДНБ-ийг дараалсан дөрвөн улирлын байдлаар авч, өмнөх онтой харьцуулан өсөлтийг тооцвол 2009 оны эхний хоёр улиралд эдийн засаг өсөлттэй, 3-р улиралд 0.4 хувийн бууралттай байсан дүн гарч байна (Зураг 1д). Эдийн засгийн уналт төсөөлснөөс илүү гүнзгий байсан тул Засгийн газар ОУВС-тай зөвшилцсөний үндсэн дээр төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг дэмжихээр болсон. Үүнд энэ онд төсвийн алдагдлыг ДНБ-ний 6.5 хувьд, 2010 онд 5 хувьд барихаар болсон ба 2010 онд хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын тэтгэмж зэрэг зарим нийгмийн халамжийг өөрчлөх замаар дээрх зорилтод хүрэхээр төлөвлөж байна.

Төв банкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд төлбөрийн тэнцлийн хямралыг богино хугацаанд давж, төгрөгийн ханшийг тогтворжуулж чадсан. Үүний дараа Төв банкны бодлогын хүүг 2009 оны 5-р сард 1.25 нэгжээр, 6-р сард дахин 1.25 нэгжээр, 9-р сард 1.5 нэгжээр шат дараалан бууруулсан. Сүүлийн 12 сарын байдлаар үнийн түвшний өөрчлөлтийг авч үзвэл 2009 оны 7-р сараас эхлэн дефляцитай гарч байгаа бөгөөд үүнээс үзвэл инфляци дагуулахгүйгээр бодлогын хүүг өшөө бууруулах боломж байгаа юм. ОУВС-гаас гаргасан тайланд (IMF 2009) 7-р сарын байдлаар үнийн түвшин өмнөх онтой харьцуулахад буурсан хэдий ч үүний дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалсан ба хүнсний бус барааны инфляци хоёр оронтой тоонд хэвээр байгааг тэмдэглэсэн. Гэвч хоёр сарын дараа буюу 9-р сарын байдлаар суурь инфляци жилийн 3.3 хувь болж буурсан бөгөөд илүү нарийн давтамжтай мэдээллээс харахад суурь инфляци ингэж буурах магадлал өндөртэй нь илт байсан. Мөнгөний хумих бодлого болон эдийн засгийн уналттай холбоотойгоор инфляци ихээхэн буурсан тул одоо эдийн засгийг дэмжих мөнгөний тэлэх бодлогыг илүү эрчимтэй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Зураг 1. Санхүүгийн салбар

Төгрөгийн ханш 2009 оны 1-р улиралд ихээхэн суларснаас шалтгаалж гадаад валютаар зээл авсан, төгрөгөөр орлого олдог зээлдэгчдийн санхүүгийн байдал хүндэрсэн, нөгөө талаас нийт эрэлт буурсантай холбоотойгоор зээлийн эргэн төлөлт муудаж, улмаар банкны салбарын зээлийн чанар ихээхэн муудаж эхэлсэн (Зураг 1г). Банкууд дахь хөрвөх чадварын дутагдал 2009 оны 3-р улиралд хэвийн болсон ч (Зураг 1в) зээлийн хэмжээ буурсаар байгаа нь (Зураг 1г) нэг талаар зээлийн чанар муудсанаас банкуудын ашигт ажиллагаа буурсан ба Монголбанкнаас өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор банкуудын зээл олгох боломж нь хумигдсан, нөгөө талаар эдийн засгийн цаашдын төлөв тодорхой бус байгаатай холбоотойгоор банкуудад зээл олгох сонирхол бага байгаатай холбоотой байж болох юм. Цаашид зээлийн бууралт нь нийт хөрөнгө оруулалтыг багасгаснаар эдийн засгийн сэргэлтийг удаашруулж, улмаар энэ нь эргээд зээлийн чанарыг муутган, зээл олголтыг бууруулах “эргүүлэг” маягийн холбоосыг бий болгох аюултай юм. Үүнээс сэргийлэхийн тулд банкууд дахь чанаргүй активын асуудлыг яаралтай шийдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөний болон төсвийн бодлогыг идэвхитэй авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Банкууд дахь чанаргүй зээл өсч, банкуудын санхүүгийн байдал муудаж байгаа ч гэсэн банкны салбарын харилцах, хадгаламжийн хэмжээ өсч байгаа нь (Зураг 1е) төрөөс харилцах, хадгаламжийг бүрэн батлан даасан болон Монголбанкнаас бодлогын хүүг өсгөсөнтэй холбоотой байж болзошгүй. Гэвч олон нийт Засгийн газар харилцах, хадгаламжийг батлан даасан амлалтандаа хүрэх боломж бага байгаа гэж үзвэл харилцах, хадгаламжаа татаж болзошгүй юм. Мөн харилцах хадгаламжийг батлан даасантай холбоотойгоор банкуудад нэмэлт эрсдэл хүлээх сонирхол ихсэх, олон нийт илүү хүү амласан эрсдэл өндөртэй банкинд хөрөнгөө байршуулах зэрэг зах зээлийн гажуудал үүсч болзошгүй тул банкуудын муу активыг цэвэрлэсний дараа банкны салбарыг хамгаалах зорилготой авсан дээрх арга хэмжээнүүдийг буцаах талаар одооноос төлөвлөж эхлэх нь зүйтэй.

III. Гадаад сектор

Гадаад эрэлт буурсан, зэсийн үнэ унасантай холбоотойгоор экспорт өссөн дүнгээр 2008 оны 10-р сараас хойш тогтмол буурч байгаа бөгөөд дотоод эрэлт буурсан, гадаадын хөрөнгө оруулалт багассантай (Зураг 2б) холбоотойгоор импорт өссөн дүнгээр 2009 оны 2-р сараас огцом буурч байна. Эдгээрийн дүнд 2008 онд хурдацтай өсч байсан гадаад худалдааны алдагдал 2009 оны 2-р сараас эхлэн буурчээ (Зураг 2а). Улмаар урсгал тэнцлийн алдагдал 2009 оны 3-р улирлаас эхлэн буурсан (Зураг 2г).

Монголбанкнаас төгрөгийн ханшийг тогтворжуулах арга хэмжээ авсан, гадаад худалдааны алдагдал буурсан зэргээс шалтгаалан 2009 оны 4-р сараас төгрөгийн ханш тогтворжиж эхэлсэн бөгөөд үүнээс хойш харьцангуй тогтвортой байна (Зураг 2в).

Зураг 2. Гадаад сектор

Хөрөнгийн орох урсгал 2009 оны 1-р улиралд огцом буурсан боловч 2-р улирлаас сэргэж эхэлсэн бөгөөд (Зураг 2д) урсгал тэнцлийн алдагдлыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлж байна. Мөн төлбөрийн тэнцлийн алдаа болон орхигдуулга багасч байгаа нь бий болсон байж болзошгүй хөрөнгийн дайжилт буурсан байх магадлалтайг харуулж байна.

Монголын Засгийн газар 2009 оны 10-р сард Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээг гадны хөрөнгө оруулагчидтай үзэглэсэн бөгөөд ирэх жилүүдэд тус орд газрын ашиглалт нь Монголын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхээр байна. Иймд 2008-2009 оны төлбөрийн тэнцлийн хямралаас сургамж авч, цаашид валютын ихээхэн хэмжээний орох урсгалын нөлөөнөөс үүдэн гарах магадлалтай төгрөгийн бодит ханшийн сулралтыг инфляцид бус, валютын ханшид аажмаар шингээх нь зүйтэй юм. Үүний тулд Монголбанк валютын зах зээл дэх оролцоогоо бууруулж, хөвөгч ханшийн амлалтаа биелүүлэн, инфляцийг онилох бодлогоо эрчимжүүлэх нь зохистой.

IV. Дүгнэлт

Монголын эдийн засгийн хямрал нь дотоод болон гадаад цочролын нөлөөнөөс үүдсэнээрээ онцлог юм. Инфляцийг бууруулах зорилготой мөнгөний хумих бодлогыг авч хэрэгжүүлсэн үе нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай давхцаж, улмаар төлбөрийн тэнцлийн хямралыг үүсгэсэн бөгөөд банкны салбарт хүндрэл үүсгэсэн. Олон улсын валютын сангийн тусламжтай Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд төлбөрийн тэнцлийн хямралыг амжилттай давж, төгрөгийн ханшийг тогтворжуулсан боловч бодит эдийн засгийн уналт төсөөлснөөс илүү гүнзгий байсан бөгөөд банкны салбарын муу зээл ихээхэн нэмэгдэж байна. Бусад улс орны жишээнээс ажиглахад төлбөрийн тэнцлийн хямрал банкны салбарын хямралтай давхацсан тохиолдолд бодит эдийн засаг илүү эмзэг, хямрал (төлбөрийн тэнцлийн болон банкны) илүү гүнзгий болдог (Kaminsky, Reinhart 1996).

Эдийн засагт дефляци тулгараад буй өнөө үед Олон улсын валютын сан болон бусад бодлого боловсруулагчид инфляцийн аюулаас айж бодлогын хүүг өндөр түвшинд барьж байгаа нь эдийн засгийн уналтыг удаан хугацаанд үргэлжлэхэд хүргэж болзошгүй юм. Иймд төсвийн болон мөнгөний бодлогыг илүү зөөллөх замаар эдийн засгийг дэмжих нь зүйтэй.


н.Тулгаа
2009 оны 12 сар

Эх сурвалж

Graciela L. Kaminsky, Carmen M. Reinhart, 1996, "The Twin Crises: The Causes of Banking and Balance-of-Payments Problems", International Finance Discussion Papers, 544, Board of Governors of the Federal Reserve System

Guillermo A. Calvo, 1987, “On the Costs of Temporary Policy” Journal of Development Economics, Vol. 27, Elsevier Science Publishers

International Monetary Fund, 2009, “Mongolia: Second Review Under the Stand-By Arrangement and Request for Modification of Performance Criteria” IMF Country Report, No. 09/311

Trailer Cut - Vol 1

За ингээд 2009 онд гарсан кинонуудаар хийсэн нэгэн сонирхолтой эвлүүлгийг хүргэж байна. Үүнээс хараад ямар кино үзмээр байгаагаа сэтгэгдэл үлдээгээрэй, би олоод оруулахыг хичээх болно.

Монголын эдийн засаг: ИХЭР ХЯМРАЛ

За ингээд хүн болгоноо ам дамжин яригддаг, мөн бидний амьдралд шууд нөлөөлсөн эдийн засгийн хямралын талаархи Монголын чадвараараа толгой цохих банкируудын нэгний хийсэн нийтлэлийг хүргэе.

I. Оршил

Монгол орон 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн бөгөөд шилжилт Монголын эдийн засагт хүндээр тусч, 1990 оноос 2000 оны хооронд арван жилийн эдийн засгийн өсөлт алдагдсан. 1990-ээд оны эхний хагаст ДНБ буурч, инфляци гаарч, ажилгүйдэл газар авсан бол хоёрдугаар хагаст банкны салбар өргөн хүрээтэй хямралд өртсөн. Эдгээр хямрал нь дотоод гаралтай байсан бөгөөд Монгол орон 1990-ээд оны сүүлээр болсон Азийн хямрал болон Оросын хямралд өртөөгүй нь олон улсын санхүүгийн зах зээлд интеграцичлагдаагүй байсантай холбоотой.

Аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбар 1990-ээд оны сүүлээс сэргэж эхэлсэн. ДНБ-ний 20 орчим хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбар 2000-2002 онд ган, зудны улмаас хүндхэн цохилтод орсон бөгөөд үүний дараагаас хурдацтай өсч эхэлжээ. Мөн банкны салбарт итгэх итгэл сэргэж, эдийн засаг өсөхийн хирээр санхүүгийн зуучлал гүнзгийрсэн. Олон улсын зах зээлд суурь бүтээгдэхүүн, ялангуяа Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэсийн үнэ өссөн нь 2004 оноос Монголын эдийн засаг улам эрчимтэй өсөхөд нөлөөлжээ (Зураг 1а). Суурь бүтээгдэхүүний өндөр үнэ экспортын орлогыг нэмэгдүүлж улмаар импорт, төсвийн орлого, гадаад валютын нөөцийн огцом өсөлтийг дагуулсан. Монгол улс энэ үеэс төсвийн болон мөнгөний тэлэх бодлогыг улам эрчимтэй явуулж эхэлжээ.

Эрэлт талаас төсвийн болон мөнгөний тэлэх бодлого явуулсан, нийлүүлэлт талаас суурь бүтээгдэхүүн, ялангуяа нефть болон хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байснаас шалтгаалан 2007 оны 2-р хагасаас инфляци огцом өсч эхэлсэн. 2008 оны 2-р улирлаас Монголбанк инфляцийг тогтворжуулах бодлого явуулж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг удаашруулсан. Энэхүү арга хэмжээ нь хөрвөх чадварын хомсдолыг үүсгэж, улмаар зээлийн саатлыг бий болгосон. Мөн инфляцийг тогтворжуулах бодлого нь импортын огцом өсөлтөд хүргэсэн бөгөөд энэ нь Төв банкинд итгэх итгэл сул байсантай холбоотойгоор хэрэглээ нэмэгдсэнээс шалтгаалсан байж болох юм.

АНУ-ын ипотекийн зах зээл дээр 2007 оны 7-р сард эхэлсэн хүндрэл дэлхийн олон орныг хамарсан санхүүгийн хямрал болон өргөжиж, улмаар хөгжиж буй орнуудын эдийн засагт хөрөнгийн цэвэр орох урсгалын бууралт, экспортын бууралт гэсэн хоёр сувгаар голлон нөлөөлсөн. Эдгээр нь олон улсын зах зээлд суурь бүтээгдэхүүний үнэ унахад хүргэж, 2008 оны 2-р хагаст Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ хурдацтай унаж эхэлсэн бөгөөд энэ нь импортын өсөлттэй нийлснээр ихээхэн хэмжээний гадаад худалдааны алдагдалд хүргэсэн. Улмаар дотоодын зах зээлд гадаад валютын хомсдол үүсч, төгрөгийн ханшинд дарамт үзүүлж эхэлсэн бөгөөд Монголбанк гадаад худалдааны алдагдлыг санхүүжүүлэх, төгрөгийн ханшийг хамгаалахад нэг тэрбум гаруй ам. долларын нөөцийнхөө 40 орчим хувийг зарцуулсны дараа 2008 оны 12-р сарын дунд үеэс төгрөгийн ханш огцом унаж эхэлсэн. Үүнд төгрөгийн ханш 2008 оны 10-р сарын оргил үеэс 2009 оны 3-р сар хүртэл 5 сарын хугацаанд 33 хувиар унажээ.

Төгрөгийн ханшийн уналт нь гадаад валютаар зээл авсан зээлдэгчдийн төлбөрийн чадварыг муутгаснаар банкуудын зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар банкны салбарын хүндрэлийг гүнзгийрүүлэн, дотоодын зээл үргэлжлүүлэн буурах нөхцөл байдлыг үүсгэсэн. Эдгээр ихэр хямралын дүнд дотоодын үйлдвэрлэл 2009 оны 1-р улирлаас хурдацтай унаж эхэлсэн бөгөөд цаашид эдийн засгийн өргөн хүрээтэй хямралаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

II. Банкны салбарын хүндрэл

Суурь бүтээгдэхүүн, ялангуяа алт болон зэсийн үнэ 2004 оноос огцом нэмэгдсэн нь төсвийн орлого болон гадаад валютын нөөцийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн. Төсвийн орлогын багагүй хэсэг нь нийгмийн халамжийг сайжруулах, төрийн албан хаагчдын цалинг нэмэх зэргээр хэрэглээг дэмжихэд зарцуулагджээ. Мөн мөнгөний нийлүүлэлт эрчимтэй өсч байсан бөгөөд 2005-2008 оны хооронд жилд дунджаар 40 хувиар нэмэгдэж байв. Эдгээр тэлэх бодлого нь дотоодын хэрэглээг ихээхэн өсөхөд нөлөөлсөн. Нөгөө талаар суурь бүтээгдэхүүний үнэ, ялангуяа газрын тос (2008 оны байдлаар шатахуун болон дизелийн түлш нийт импортын 23 хувийг эзэлж байв) болон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт импортын барааны үнийг ихээхэн хэмжээгээр өсөхөд нөлөөлжээ. Үүний хажуугаар сүүлийн жилүүдэд орон сууцны зах зээл хурдацтай тэлж байсан ба хувийн орлого өсч, байрны зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор орон сууцны үнэ хурдацтай нэмэгдсэн.

2007 оны 3-р улирлаас инфляци өсч эхэлсэн (Зураг 1б) бөгөөд 2008 оны 8-р сард жилийн 33.7 хувь буюу оргилдоо хүрсэн. Монголбанк 2008 оны 2-р улирлаас мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2008 оны 8-р сард энэхүү бодлогоо улам эрчимжүүлснээр мөнгөний нийлүүлэлт буурч, 2008 оны 11-р сард өмнөх оны түвшинд хүрсэн (Зураг 1в). Энэ нь инфляцийг мэдэгдэхүйц бууруулж, 2009 оны 5-р сарын байдлаар жилийн 8.0 хувьд хүрчээ. Гэвч мөнгөний хатуу бодлого нь санхүүгийн салбарын хэт халалтын улмаас тулгараад байсан зарим хүндрэлийг ил болгосон.

Зураг 1. Банкны салбарын хүндрэл
Мөнгөний хумих бодлогыг дагаад банкууд хөрвөх чадварын хомсдолд орж эхэлсэн ба энэ нь банк хоорондын зах дээрх хөрвөх чадвар сайтай активын үнэ болох банк хоорондын захын овернайт зээлийн хүү сүүлийн жилүүдэд төв банкны үнэт цаасны хүүтэй ойролцоо байж ирсэн боловч 2008 оны 9-р сараас эхлэн огцом илүү болсноос харагдана (Зураг 1г).

Банкууд хөрвөх чадварын хомсдолд орсон болон иргэд хадгаламжаа татаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор УИХ-аас банкны мөнгөн хадгаламжид баталгаа гаргах хуулийг 2008 оны 11-р сард баталсан бөгөөд эрсдэлийн сангийн хөрөнгийг банкуудад тодорхой нөхцөлтэйгээр байршуулахаар болсон боловч хоёр банк л үүнд хамрагдсан. Энэ нь хөрөнгө байршуулах нөхцөл хатуу байсан, эсвэл банкууд төрөөс тусламж авах нь тухайн банк хүндрэлд орсон гэсэн дохиог өгч магадгүй гэж болгоомжилсонтой холбоотой байж болох юм. Улмаар хөрвөх чадварын хомсдолтой холбоотойгоор банкуудын зээл олголт багасч эхэлсэн (Зураг 1д). Үүнээс гадна активын хэмжээгээр тавд ордог банк дампуурлын ирмэгт ирж, Монголбанкнаас тухайн банкны удирдлагыг гартаа авсан. Хэдийгээр энэ нь зөвхөн тухайн банктай холбоотой хүндрэл байсан боловч энэ нь олон нийтэд банкуудын талаар сөрөг дохио өгсөн.

Хөрвөх чадварын хомсдолтой холбоотойгоор банкууд зээл олголтоо багасгаж эхэлсэн (Зураг 1д) бөгөөд улмаар 2009 оны 1-р улиралд дотоодын үйлдвэрлэл буурсан.

III. Төлбөрийн тэнцлийн хямрал

Импортын хэмжээ 2008 оны 5-р сараас огцом нэмэгдэж (Зураг 2а), 2008 оныг дуустал өндөр хэвээр байсан. Олон нийт гадаад валютын ханш өсч магадгүй гэсэн хүлээлтээр импортын барааны төгрөгөөр илэрхийлэгдэх ханш бага байгаа үед худалдаж авахаар эрэлтийг нэмэгдүүлсэн байж болох хэдий ч ийм хүлээлт үүссэн үед төгрөгийн эсрэг дайралт илүү хүчтэй байх нь илэрхий. Гэтэл 2008 оны сүүлийг хүртэл ийм үзэгдэл ажиглагдаагүй учраас зэсийн үнийн уналт болон экспортын орлогын бууралт нь импортын өсөлтийг тайлбарлаж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл дотоод хүчин зүйлсээс шалтгаалж импорт ихээхэн хэмжээгээр өссөн байна.

Энэхүү импортын өсөлт нь олон нийт тогтворжуулах бодлогын тууштай байдалд итгээгүй үед богино хугацаанд хэрэглээ огцом өсдөг онолтой (Guillermo Calvo, 1987) нийцэж байгаа юм. Үүнд, Төв банкны инфляцийг тогтворжуулах бодлогод итгэх итгэл сул байснаас олон нийтийн дунд Төв банк энэхүү бодлогыг түр хугацаанд хэрэгжүүлсний дараа больж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буцаад нэмэгдэх ба энэ нь ирээдүйд дахин инфляци үүсгэж, бараа бүтээгдэхүүний үнэ болон нэрлэсэн хүүгийн түвшинг өсгөнө гэсэн хүлээлт үүссэн. Эдгээр хүлээлт нь өнөөдрийн хэрэглээ огцом өсөхөд нөлөөлөх ба энэхүү хэрэглээний өсөлт нь Монголын импортын өсөлттэй нийцэж байгаа юм.

Монголын эдийн засаг олон улсын санхүүгийн зах зээлд интеграцичлагдаагүй байснаас голлон шалтгаалж 1990-ээд оны сүүлээр Азийн хямрал болон Оросын хямралд өртөөгүй. Дэлхийн санхүүгийн хямрал хөгжингүй орнуудад эхэлж, улмаар хөгжиж буй орнуудад нөлөөлж эхлэхэд олон нийт хямрал Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлөхгүй гэсэн хүлээлттэй байсан. Учир нь Монгол орон олон улсын санхүүгийн зах зээлд интеграцичлагдаагүй хэвээр байсан бөгөөд шилжиж буй орнуудад хямрал нөлөөлж байсан гол суваг болох хөрөнгийн орох урсгал тийм ч өндөр байгаагүй. Гэвч хямрал өөр сувгаар нөлөөлсөн.

Суурь бүтээгдэхүүний үнэ 2004 оноос өсч, улмаар Монголын эдийн засаг илүү эрчимтэй өсч эхэлсэн ба төсвийн зардал болон импорт ихээхэн хэмжээгээр нэмэгдсэн нь Монгол улс суурь бүтээгдэхүүний экспортоос хамааралтай болсныг илтгэнэ. Дэлхийн санхүүгийн хямралаас улбаалан хөгжингүй болон хөгжиж буй орнуудын гадаад худалдаа болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурснаар суурь бүтээгдэхүүний эрэлт багасч, үүнээс шалтгаалан зэс болон бусад суурь бүтээгдэхүүний үнэ огцом унасан.

Зураг 2. Төлбөрийн тэнцлийн хямрал
Зэсийн үнийн уналт 2008 оны 3-р улирлаас Монголын экспортын орлогод сөргөөр нөлөөлж эхэлсэн. Экспортын орлогын бууралт болон импортын өсөлт нийлээд ихээхэн хэмжээний гадаад худалдааны алдагдлыг бий болгож (Зураг 2а), улмаар гадаад валютын эрэлт өсч, төгрөгийн ханш унах аюул нүүрлэсэн. Монголбанк 2008 оны 12-р сар хүртэл төгрөгийн ханшийг хамгаалахад гадаад валютын нөөцийнхөө 40 орчим хувийг зарцуулсан (Зураг 2б). 2008 оны 12-р сараас төгрөгийн ханш огцом унаж эхэлсэн бөгөөд 2008 оны 10-р сарын оргил үеэс 2009 оны 3-р сар хүртэлх 5 сарын хугацаанд 33 хувиар унасан (Зураг 2в).

Экспортын орлогын бууралт нь гадаад худалдааны алдагдлаас гадна төсвийн орлого буурахад нөлөөлж, улмаар төсвийн алдагдал нэмэгдсэн (Зураг 2г). Хөрөнгийн орох урсгалын өсөлт гадаад худалдааны алдагдлын зарим хэсгийг санхүүжүүлж байгаа (Зураг 2д) мэт боловч төлбөрийн тэнцлийн алдаа болон орхигдуулга ихээхэн буурсан нь (Зураг 2е) тодорхой хэмжээгээр хөрөнгийн дайжилт явагдсан байж болзошгүйг харуулж байна. Хэрэв тийм бол хөрөнгийн орох урсгалын (2008 оны байдлаар ДНБ-ний 20 орчим хувь) дийлэнхи хэсэгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө дайжсан (2008 оны байдлаар ДНБ-ний 13 орчим хувь) байж болох юм.

Төгрөгийн ханшийн огцом уналт болон дотоодын эрэлтийн бууралт нь 2009 оны эхний дөрвөн сард импорт ихээхэн хэмжээгээр буурахад нөлөөлсөн. Хэдийгээр импортын бууралт нь гадаад худалдааны алдагдлыг бууруулж байгаа боловч гадаад худалдааны алдагдал багагүй хэвээр байна.

IV. Бодлогын шинжилгээ болон зөвлөмж

Гадаад худалдааны алдагдал өсч, төгрөгийн ханш унах аюул нүүрлэснээс шалтгаалан 2008 оны 12-р сард Засгийн газар ОУВС-д хандан тусламж хүссэн. ОУВС болон Монгол улс 2009 оны 3-р сарын 6-нд ОУВС-гийн санхүүжилтээр Монголд 18 сарын хугацаанд 224 сая ам. долларын хөтөлбөр хэрэгжүүлэх зөвшилцөлд хүрсэн. Уг зөвшилцлийн дагуу Монгол улсын зүгээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн буюу авч хэрэгжүүлэхээр тогтсон:

Төсвийн алдагдлыг ДНБ-ний 6 хувиас хэтрүүлэхгүй байх;

Монголбанкны бодлогын суурь хүүг 9.75 хувиас 14 хувь болгож нэмэгдүүлсэн;

Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг 10 хувиас 12 хувь болгон нэмэгдүүлж, банкны зээлд эрсдэлийн сан байгуулах хувь хэмжээг бууруулсан.

ОУВС болон Монголбанкны хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар эдгээр арга хэмжээ нь төсвийн зохистой байдлыг хангаж, нэрлэсэн валютын ханш давж өсөхөөс сэргийлэн, инфляцийг бууруулж, хөрвөх чадварыг хадгалан, банкны төлбөрийн чадварыг сайжруулах замаар дотоодын санхүүгийн зах зээлийг чадавхижуулах зорилготой аж. Монголбанк мөн төгрөгийн эсрэг дайралтаас хамгаалах зорилгоор банкуудтай валютын дуудлага худалдааг тогтмол явуулж эхэлсэн.

ОУВС-гийн захирлуудын зөвлөл 2009 оны 4-р сарын 1-нд Монгол улсад 229.2 сая ам. долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 76.4 сая ам. долларын зээлийг тэр даруй Монголбанкны гадаад валютын нөөцийн хэрэгцээнд зориулан олгосон. Гэвч үүнээс өмнө 3-р сарын дундаас төгрөгийн ханшийн уналт зогсч, буцаад сэргэж эхэлсэн нь тодорхой хэмжээгээр валютын ханш давж өссөн байсан ба Монголбанкны авч хэрэгжүүлсэн арга хэмжээ төгрөгийн эсрэг дайралтаас сэргийлж, төгрөгийн ханш унах хүлээлтийг бууруулж чадсаныг харуулж байгаа юм. 2009 оны 3-р сарын 19-нөөс 4-р сарын 7 хүртэлх хугацаанд төгрөгийн ханш өмнөх оргил үетэй харьцуулахад буцаад 15 хувиар чангарсан бөгөөд түүнээс хойш харьцангуй тогтвортой байгаа юм (Зураг 2в).

Хэдийгээр ОУВС болон Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ төгрөгийн ханшийн уналтыг зогсоосон боловч энэ нь зарим хүссэн үр дүнг авчрах чадваргүй байсан. Бодлогын хүүг өсгөснөөр дотоодын хүү өсч, улмаар хөрөнгийн орох урсгалыг дэмжинэ гэж тооцсон боловч өнөөгийн хямралын үед хөрөнгө оруулагчид эрсдэл болон ашиг өндөртэй активаас илүү чанар луу тэмүүлж байна (Guillermo Calvo 2009). Мөн Монголын зээлийн хүү өнгөрсөн үед удаан хугацаанд өндөр түвшинд байсан боловч энэ нь хөрөнгийн орох урсгалыг хангалттай нэмэгдүүлж чадаагүй. Дээрх арга хэмжээнүүд нь банкны эх үүсвэрийн бүтцийг валютаас төгрөг лүү шилжүүлж, дотоодын валютын эрэлтийг бууруулахад нөлөөлөх боломжтой боловч гадаад валютын эрэлт өссөн гол шалтгаан нь гадаад худалдааны алдагдал учраас тэдгээрийн үр дүн нь хязгаарлагдмал юм. Харин бодлогын хүүг өсгөх нь банкуудын хадгаламжийн хүүг өсгөж, улмаар хадгаламж нэмэгдэхэд хүргэж болох бөгөөд энэ нь банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлж, зээл олголтыг дэмжих боломжтой.

Гэвч энэ нь хоёр талтай юм. Монголын хувьд төлбөрийн тэнцлийн хямрал нь дотоодын хөрвөх чадварын хомсдол болон зээлийн сааталтай давхацсан. Нэрлэсэн хүүгийн хэмжээ өсөх нь бизнесийн зардлыг нэмэгдүүлж, хумигдаж буй эрэлт болон зээлийн саатлаас болж цохилтод ороод байгаа бизнесийн салбарт нэмэлт хүндрэл учруулна. Энэ нь эргээд зээлийн төлөлтөд муугаар нөлөөлнө. Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн саруудад огцом нэмэгдэж байгаа бөгөөд 2009 оны 4-р сарын байдлаар 10.6 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 7.9 нэгжээр нэмэгдсэн байна (Зураг 1д). Монголбанк ОУВС-гийн хөтөлбөрийн дагуу банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлагыг нэмэгдүүлсэн нь зээлийг улам хумих үр дагавартай боловч зээлийн эрсдэлийн санд тавигдах шаардлагыг бууруулсан нь энэхүү сөрөг нөлөөг тодорхой хэмжээгээр сулруулсан. Дотоодын эрэлт буурсан (энэ нь хэрэглээний огцом өсөлт хэсэг хугацааны дараа гэнэт буурдагтай нийцэж байгаа) болон зээлийн саатлаас улбаалан үйлдвэрлэл буурснаас шалтгаалж ДНБ 2009 оны 1-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурсан нь сүүлийн 10 гаран жилд тохиолдоогүй уналт бөгөөд үүнд боловсруулах салбарын үйлдвэрлэл гэхэд 19.5 хувиар буурсан байна.

Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хүрээнд банкны гадаад валютын актив, пассив харьцангуй баланслах хандлагатай байдгаас төгрөгийн ханшийн уналт банкуудад шууд байдлаар ноцтой нөлөөлөөгүй. Гэвч банкнаас гадаад валютаар зээл авсан зээлдэгчдийн хувьд төгрөгийн ханшийн уналт нь өр төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх ба энэ нь тэдний төлбөрийн чадварт муугаар нөлөөлж, улмаар банкны зээлийн эрсдэлийг нэмэгдэхэд хүргэж байна. Мөн хэт өссөн байсан орон сууцны үнэ цаашид унах нөхцөл байдал үүссэн байгаагаас банкны зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ буурч болзошгүй байна. Эдгээр нь хөрвөх чадварын хомсдол, эдийн засгийн уналт зэргээс болж хүндрэлд ороод байгаа банкуудад давхар нэрмээс болж байгаа бөгөөд цаашид банкны салбарын байдал үргэлжлэн хүндэрч магадгүй болоод байна. Хэдийгээр Засгийн газар банкуудад баталгаа гаргасан боловч иргэдэд төсвийн хязгаарлалттай байгаа өнөө үед энэхүү баталгааг хэрэгжүүлэх боломж хомс байна гэсэн хүлээлт үүсвэл харилцах, хадгаламжаа татаж болзошгүй юм.

Төлбөрийн тэнцлийн хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нэгэнт эхний ээлжинд зорилгодоо хүрсэн, 5-р сарын байдлаар жилийн инфляци 8% болж буурсан зэргийг харгалзан үзэж цаашид нийт эрэлтийг дэмжих замаар бодит эдийн засгийг сэргээхийн тулд Төв банкны бодлогын хүүг бууруулах, төсвийн тэлэх бодлого явуулах зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монголбанкнаас бодлогын хүүг 5-р сар болон 6-р сард дараалан 1.25 нэгжээр бууруулж, 11.5 хувьд хүргэсэн нь энэ чиглэлд хийж байгаа эхний алхам юм. Монгол улс ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу төсвийн тэлэх бодлого явуулах боломж хязгаарлагдмал тул гэрээний нөхцлийг өөрчлөх талаар ОУВС-тай зөвшилцөж болох юм. ОУВС өмнөх бодлогоо эргэн харж, илүү уян хатан байр суурь баримталж эхэлж байгаа өнөө үед Монголын эдийн засгийг аврах эдгээр арга хэмжээг дэмжин, гэрээний нөхцлийг өөрчлөхийг зөвшөөрч болзошгүй юм.

V. Дүгнэлт

Монголын эдийн засагт тохиолдож байгаа хямрал нь дотоод болон гадаад шок давхацсанаараа онцлог юм. Монголбанкнаас 2008 оны 2-р улирлаас авч хэрэгжүүлж эхэлсэн инфляцийг тогтворжуулах бодлого нь банкуудад хөрвөх чадварын хомсдолыг бий болгосон бөгөөд энэхүү бодлогын итгэлтэй бус байдлаас шалтгаалан хэрэглээний огцом өсөлтийг бий болгож, улмаар богино хугацаанд импорт ихээхэн хэмжээгээр нэмэгдэхэд хүргэсэн. 2008 оны 3-р улирлаас дэлхийн санхүүгийн хямрал Монголын эдийн засагт зэсийн үнийн уналтаар дамжин нөлөөлж эхэлсэн бөгөөд энэ нь экспортын орлого болон төсвийн орлогыг бууруулсан. Эдгээр хямралын нөлөө давхацсанаар төгрөгийн ханш унах аюул нүүрлэсэн ба Монголбанк ОУВС-д хандан тусламж хүссэн бөгөөд ОУВС-с үзүүлсэн тусламжийн хамт тавьсан шаардлага нь Монголбанкны бодлоготой нийлээд төгрөгийн ханшийг тогтворжуулсан. Гэвч банкны салбарын хүндрэлээс голлон үүдсэн зээлийн саатал нь бодит эдийн засагт нөлөөлж, дотоодын үйлдвэрлэл унаж эхэлсэн. Эдийн засгийн хямралыг зогсоохын тулд мөнгөний бодлого болон төсвийн бодлогоор дамжуулан эдийн засгийн эрэлтийг дэмжих бодлого явуулах шаардлагатай байна.

н.Тулгаа
2009 оны 6-р сар

Maps the future of countries

Чөлөөт цагт: Talent

BRITISH GOT TALENT 2008

Johnston's debut album, One Voice, was released in September of the same year, and it reached number four on the British album charts.
Although originally performing as a treble, Johnston's voice has since matured to tenor, and he is currently taking a year off to allow his voice to develop.



BRITISH GOT TALENT 2009

Her first album was released in November 2009 and debuted as the number one best-selling CD on charts around the globe.

Within nine days of the audition, videos of Boyle — from the show, various interviews, and her 1999 rendition of "Cry Me a River" — had been watched over 100 million times, an online record.


Чөлөөт цагт: Babies


Хэзээ нэгэн өдөр асуух асуултанд чинь хариулъя.

Санамсаргүй нет ухаж яваад ийм мэдээлэл оллоо, хадгалаад авчихъя гэж бодсоноо бас бусдад ч хэрэг болох юм байна гэж бодоод, ер нь хэзээ ч алга болохгүй газар хадгалахаар шийдлээ. .

ТӨРӨХ ХҮҮХДИЙН ХҮЙСИЙГ ТОДОРХОЙЛОХ ЭРТНИЙ ХЯТАДЫН АРГА

Дараахь хүснэгтээс харж ирээд гарах хүүдээ төлөвлөж болдог юм гэнэ. Хүүхдийн хүснэгтийг тооцоолох энэхүү хүснэгтийг 700-н жилийн өмнөх эртний Хятадын хааны бунханаас олсон бөгөөд түүний эх хувь нь Бээжингийн шинэжлэх ухааны хүрээлэнд хадгалагддаг гэнэ.

Үүнийг тооцохдоо хий насаа нэмдэг гэсэн байна. Харин манай гэр бүлийн хувьд тухайн жилийн эхнэрийнхээ насыг нэгээр нэмээд, манай хүүгийн олдсон сараар үзсэн таарч байна лээ.

Эх сурвалжийнх нь жишээн дээр 2 нас нэмчихсэн байсан. Тэгээд бол таарахгүй юм байна лээ. Та нар ч гэсэн өөрийн болон ах, эгчийнхээ хүүхдийн хүйсийг тулгаж үзээд итгэх эсэхээ шийднэ биз дээ. Эх сурвалж дээр нь бол 99%-н баталгаатай гэсэн байсан шүү. Тэр хий насных нь учирыг л сайн олчихвол болох юм шиг байна. За ингээд хүснэгтээ танилцуулъя.
Анхаарах зүйлс: Хүүхдийн анхны олдсон сараар тооцох ба (х) -эр, (о)-эм болно. За тэгээд хэрэгжүүлэх нэгэнд нь амжилт хүсье. Санасандаа хүрч, сарвайснаа авна гэж найдаж байна.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.


Жич: Эргэн тойрны хүмүүсээ тулгаж үзээд таарч байгаа эсэхээ Comment дээр үлдээж ирээдүйн эцэг, эхүүдэд тус болоорой. Бас надад ч жоохон урам өгнө шдээ, хэ хэ хэ...

AVATAR

За мэдээж нээлтэй хийгээд 3 л хонож байна. Дажгүй кино байна лээ.
Энэ кинонуудыг хэд хоногоос устгаж магадгүй тул гялс үзээд аваарай.

Ninja Assassin

Элсэн зураг

Төгс хүн

Дэлхийн 2-р дайны үед нацистууд төгс хүнийг гаргаж авах оролдлогуудыг хийж байсан тухай нэг кино үзэж байсан юм байна. Тэр нь "Эрүүл бие, Саруул ухаан" гэсэн баримтлал дор спортынхон, эрдэм ухаантай хүмүүсийн дундаас хүүхэд гаргуулж авах оролдлогын тухай гардаг. Зарим нэг нь мэдээж үзсэн байгаа биз, үзээгүй хүмүүст нь зориулаад киноны танилцуулгыг бичлэгийн төгсгөлд орууллаа.

За одоо өөрийгөө хуурч хойш суух боломжгүй болж байх шиг байна даа, залуус аа. Ингээд сонирхуулах нийтлэлдээ оръё.
Хүний биеийн байдал болон түүний оюуны чадвар хоорондоо шууд хамааралтайг шведийн эрдэмтэд тогтоожээ. Цэрэгт алба хаахад тэнцэх эсэхийг үзэж шалгасан 1950-1976 онд төрсөн, шведийн 1,2 сая ир­гэнийг хамарсан судалгааны төгсгөлд мэргэжилтнүүд ийм дүгнэлт хийсэн байна.

Спорт юмуу биеийн та­мираар хичээллэдэг хүмүү­сийн оюуны хөгжлийн коэффи­циент идэвхгүй аж төрөх ёс ба­римталдаг хүмүүсийнхээс мэдэгдэхүйц дээгүүр байжээ. Электрон регистрт байгаа мэдээ сэлтийг ашиглан эмч нар эмнэлгийн үзлэгт ирсэн цэрэгт татагдагсдын үзүүлэлтийг тэдний цаашдын боловсрол, албан тушаалын амжилттай харьцуулсан байна. Тийнхүү унадаг дугуйны сургуулилт хийдэг төхөөрөг дээр хамгийн өндөр оноо авсан хүмүүс бо­ловсрол болон мэргэжлийн сургалтын тал дээр бусдаасаа түрүүлж байжээ.

«Цэрэг татлагын комисст байхдаа бид биеийн бэлт­гэлийн түвшин болон тестийн үзүү­лэлт илт харилцан хол­боо­тойг ажиглаж байсан юм» гэж Сальгрений академийн про­фессор Микаэл Нильссон хэлсэн байна.

Зөвхөн эрчүүдийг орол­цуу­лан судалгаа хийсэн хэдий ч, энэ нь эмэгтэйчүүдэд адилхан хэмжээгээр хамаарна. Логикийн үүднээс сэтгэж, эх бичвэрийн агуулгыг ойлгох чадвар нь биеийн хүч гэхээсээ, бие мах­бодийн ерөнхий хөгжилтэй ихээхэн холбоотой ажээ.

Спортоор хичээллэдэг шавь нар нь ажлын үеэр анхаарал төвлөрүүлэх илүү өндөр чад­вартай байж, түүнчлэн цагаа илүү сайн төлөвлөдөг гэж биеийн тамир, математикийн хичээл заадаг Анита Нильссон хэлсэн байна.
Нийтэлсэн: Я.Сүхбаатар


WHAT DOES ALL IT MEAN?

Энийг үзээд юу бодогдсон талаар сэтгэгдлээ хуваалцахыг хүсч байна.

Тод Өнгө


Бид амьдралын эрээн барааныг ярьдаг. Амьдрал энэ бүхэн байдаг ч хүн амьдралын тод өнгөнүүдийг ялгах мэдрэмжтэй байж, түүгээрээ өөртөө болон эргэн тойрондоо өнгө түгээдэг байх ёстой мэт. Миний хувьд энэ асуудалд нилээд ач холбогдол өгч ханддаг бөгөөд түүнээс ч миний блогны нэр урган гарсан билээ.

Хүн өөрийгөө юу хүсч байгааг, яавал үнэхээр баярлахаар байгаагаа чагнаж, түүндээ цаг зарцуулж, тэр баяр баясгалангаа ойр дотны хүмүүстэйгээ хуваалцаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог.

За ингээд нэг сонирхолтой жишээ танилцуулъя. Энэ жишээнээс энэ нийтлэлийн бичих сэдэл төрсөн гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Яг өнөөдөр УБ хотод маань агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг төсөөлөхөд хэцүү биш байна. Үнэхээр харамсалтай. Тэр их утаагаар манай хүү ч гэсэн тэнд амьсгалж байгаа. Энэ олон асуудлаас гарах нэг зөв арга зам бол мод тарих гэдгийг бид мэддэг. Бид агаарын бохирдол гэж гомдоллодог. Төр нь мод тарьдаг, тэр нь бизнес байдаг. Тэгээд л мод нь үхээд, дахиад л иргэд гомдоллож, төрийн түшээд дахин мөнгө хийх боломж үүсэхгүй... Иргэд гомдоллохгүй бол дахин төсөвөөс мөнгө гаргуулж чадахгүй. Нэг иймэрхүү сонин урваа хамааралтай. За ингэсгээд л нэг гомдоллосон, түүнд нь ажилласан 2-ын үлгэр шиг юм л яваад байдаг байсан.

Гэтэл үнэхээр чихэнд сонсголонтой нэг зүйлийг олж дуулаад, сэтгэл хөдлөөд... хэ хэ хэ...
Юу вэ? гэхлээр Сүхбаатар дүүргийн 7-р хорооныхон хорооныхоо иргэдэд тусгай газар гаргаж өгөөд, тэр газар нь тухайн хорооныхон шинэ төрсөн хүүхэддээ зориулан мод тарьдаг гэнэ. Тэр мод нь хүүхдийнх нь нэртэй гэнэ. Намайг л лав хүүдээ зориулж мод тарь гэвэл хашгираад л орно доо.

Манай нийслэл хотод хэдэн хүн төрдгийн жилд, тэр тоогоор жилд шинэ асаргаатай зулган мод бие болно гэсэн үг. Миний л санаж байгаагаар ТВ5-аар тухайн өдөрт улсын хэмжээгээр төрсөн хүүхэд гэхээр нэг 70-80 байдаг байхаа тээ, тэгвэл нийслэлд өдөрт 30 гэвэл жилд 10950 мод таригдах боломжтой юм байна. Бараг нэг жилд л утаанаасаа гарчих юм шиг л харагдаж байна даа. Мэдээж модыг зөвхөн хавар, намарт л тарьдаг болохоор нэгдсэн журмаар зардал багатай тордоод байх боломжтой. Хэрвээ энэ хэмжээний модыг тендерээр тариулвал хэд нь төрийн албан хаагч, хэд нь яг гүйцэтгэгчийн гарт очих бол, тэгээд хэд нь ургах бол, бас л эргэлзээтэй л асуудал. хэ хэ хэ...

Тийм болохоор угаасаа төр мод тарьж чаддаггүй нь батлагдчихсан төрийг гоочлоод, өөлөөд санаагаа амраачихаад өөрсдөө хордсон хэвээр байж байхаар гэр бүлийнхэнтэйгээ хамт мод тарьж гэр бүлдээ нэг ч гэсэн сайхан дурсамж нэмэн, нэг амралтын өдрийг сонирхолтой өнгөрүүлээд л... Сайхан ч дурсамжтай бас утаагүй ч хоттой болчихвол энэ нь л жинхэнэ тод өнгө болох байх даа..

Утаандаа дарагдсан саарал хот, түүнд нь амьдрах бухимдуу хүмүүс... байхаар зүгээр л диваан дээрээс бүдүүн бөгсөө ховхлоод, нэг өдрийн шоуныхаа мөнгөөрөө гараад мод тарьцгаа... Аавууд минь. хэ хэ хэ...

Мод тарихыг бас их том буян гэж сонсож байсан юм байна шүү. Зарим хүмүүс бурхан болсон хүндээ зориулж бас мод тарьдаг. Энэ ч бас их л зөв юм байна лээ. Ядаж л хогонд дарагдсан чулуутай ярьснаас цэцгэлж байгаа модтой ирж ярьсан нь дээр биз дээ.

Ийм үнэн түүх олон байвал амьдрал үргэлж тод, өнгөлөг бас утга учиртай байдаг байх гэж бодогдсон шүү. Монголчууд модоо тарьцгаая... Энэ уриалгыг цааш нь дамжуулна уу.

The Sixth Sense

Одоо хэдий иймэрхүү харагдаж байгаа ч, хүмүүс саяжруулаад илүү өнгө үзэмжтэй, авсаархан, хялбар ашиглах боломжтой болгочих байх л даа. Тэр үед ямар чадвар үнэ цэнэтэй болох бол, мэдлэг нь харах өнцгийг тодорхойлдог ч, мэдлэгийн рейтниг нилээд буурнаа. Юу үнэ цэнэтэй болох бол? Та бүхэн юу гэж бодож байна.


Law of Compensation

За дараагийн цувралыг мөн танилцуулж байна.
Энэ нийт 11 цувралын 7 дахь нь байлаа.

Хөх тамгатнууд

Хүн эх орноосоо алс хүний нутагт эх орноо гэх сэтгэл нь илүү мэдрэгддэг юм шиг санагдах боллоо. Учир нь энд намайг хувь хүн гэж харахаасаа илүүтэй Монгол оюутан гэж хардаг. Тийм ч болохоор миний үйл хөдлөлөөр Монгол хүнийг дүгнээд байх шиг санагдан өөрийгөө цэгнэнэ.

Анх энд Монголоос ирэхэд өөрөө хөгжүүлчихсэн юм шиг хөгжилтэй орноос ирсэн хэд нь авирлана. Тийм болохоор хичээл сурлагын хувьд ч бусдаас илүү байж, Монгол хүн гэдэг ямар байдгийг харуулахсан гэсэн битүү бодол өөрийн эрхгүй суулгана. Тэр нь илүү хүчтэй хариуцлагыг ухамсарлуулж, илүү хичээж эхэлнэ. Эхэндээ дуугарахгүй байсан нөхдүүд нь удалгүй мөр алгадаад гүйнэ. Чадахаараа мэдрүүлэх гэж хичээж л байна даа.

- Монгол гэхээр морь асууна, өөдөөс нь машин ярина.
- Хаана байдгийг асуувал танай улсаас 60 дахин том гэж хавчуулна.
- Өөрийнхөө улсыг магтахад өөдөөс нь Чингис хаан ярина.

Иймэрхүү боловсон байдлаар эх орноо өмгөөлөх мэтгэлцээн нэг бус удаа тохиолдоно. Бидний хувьд ч иймэрхүү байдлаар эх орноо өмгөөлөөд өнгөрөх бол нэг л хэрэг юм. Харин дэлхийн хаанаас ч интернет-д холбогдсоод харсан манай улсын үзүүлэлт цагаан цаасан дээр бэх дусаачихсан юм шиг л харлана. Иймд бид дор бүрнээ ухамсарлаж, өөрсдийгөө хэн билээ гэдгээ үргэлж санаж, түүгээрээ бахархдаг шигээ түүндээ дүйцэхүйцээр амьдарч явах ёстой гэж бодогдох болов.

Хамгийн түрүүнд хийж чадах зүйл бол найз нөхөд, ах дүүдээ цаг гаргаж, тэдэнд эерэгээр нөлөөлж эхлэх явдал бөгөөд зөв чиглүүлэн ганцаараа удаанаар биш, тэдэнтэй хамт хурдан өсөх хэрэгтэй гэж бодогддог. Учир нь та ганцаараа бус, та нар цугтаа л амжилтанд хүрэх ганцхан боломж байдаг гэдгийг бид эрт ухамсарлаасай гэмээр байна.

Монголд амжилттай яваа олон бизнесүүдийн яг үүн шиг жишээ олон байдгийг би мэднэ. Үүнд нэр цохохоос илүү арай сонирхолтой нэгэн жишээ танилцуулъя. Ялангуяа 1990-ээд оны үед эсгий гэрт амьдардаг олон хүүхэдтэй ядуу айлууд маш их байсан бөгөөд тухайн үеийн хамтөлсгөж, жоохон хоолоо ч хамт хувааж идэж байсан амь нэгтэй болсон ах дүүс их байсан нь одоогийн бор зүрхээрээ амжилтай яваа бизнесменүүд дотор цөөнгүй байдаг.

Тэдний нэг нь цагдаа, нэг банканд, нэг нь эмч, нэг нь төрийн албан хаагч, нэг нь бизнесмен болдог гэх мэтээр үргэлжилнэ. Ямар нэг асуудал гарахад барьц алдалгүй гэр бүлээрээ цуглаад л шийдчихнэ. Ийм маягаар дэм дэмэндээ урагшилдаг байна. Тэгж байтал нэгэнд нь боломж гарч ирнэ. Нийлээд бүтээчихнэ, тэгээд л нэг нэгээр нь татаж эхэлнэ. Та бүхэнд сонирхолтой зураглал буусан байх, эсвэл энэ таны амьдралд ч тохиолдсон байна уу.

Ийм төрлийн гэр бүлүүд одоогийн хоорондоо ч дугардаггүй боломжтой айлын компьютер, зурагт ширтдэг ах дүүсээс илүү элгэмсэг байдаг нь ойлгомжтой юм. Тэд ч өдөр ирэх тусам улам бие биенээсээ хамаарахаа больдог. Тийм болохоор ойр дотны хүмүүсдээ зориуд цаг гаргаж, нэгдэж чадвал амжилт тийм ч хол байддаггүй гэж хэлмээр байна.

Нэмж хэлэхэд зарим айлууд хамаатнуудынхаа хүүхдүүдийг цуглуулаад сард нэг хамт байх боломж гаргаад байдаг нь үр хүүхдүүдээ ойртуулах маш чухал ач холбогдолтой л ажил байсан юм байна гэдгийг би сүүлд нь анзаарсан шүү. За сүүлд нь дүгнэвэл:

МОНГОЛЧУУДАА ХООРОНДОО НЭГДЭЭД ЮМ БҮТЭЭЦГЭЭЕ... л гэдгийг л арай нэг өөр өнцгөөс нь тайлбарлахыг оролдлоо. Та энэ талаар юу гэж бодож байгаа талаар сэтгэгдэлээ хуваалцвал их л баярламаар байна.

За ингээд бид хэн билээ гэдгийг сануулах гэж нэг мэдээлэл бэлдлээ.

Хөх толбо (Mongolian spot) буюу Монгол толбо нь зүүн Азийн хүн амын дунд элбэг бөгөөд зарим орны хүн амын 90-95% д тохиолдох бөгөөд мөн Зүүн Африк, Америкийн Индианчуудад элбэг тохиолддог энэхүү тэмдгийг 3 ангилдаг:

1. Жирийн хөх толбо нь голцуу өгзөг, хуруун дээр байдаг бөгөөд 10 жилийн дотор арилдаг
2. Гүн хөх толбо нь гар орчим байдаг бөгөөд залуу нас хүртэл байж болно
3. Хөнгөн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг юм.

Гарал
Хөх толбо нь арьсанд байрлах нөсөөт эсүүдээс үүсдэг бөгөөд ихэнхдээ нуруу, өгзөг, мөр, гарны орчим тохиолддог хүүхдийн хүйснээс хамаардаггүй байна. Барууны орнуудад хүүхэд төрөхөд хөх толбо байвал энэ нь ямарваа нэгэн өвчин, хорт зүйл биш бөгөөд хүч хэрэглэсний үр дагавар биш гэсэн утгаар төрсний гэрчилгээн дээр нь заавал тэмдэглүүлдэг байна.

Тархалт
Хөх толбо нь ихэнхдээ Монголчууд, Түрэгүүд болон Хятад (тус улсын хүн амын монгол угсаатнуудын дунд), Япон болон Солонгос улсад тохиолдох бөгөөд эцэг эхийн аль нэг нь хөх толботой үед 90-95%-д нь, харин зүүн Африк болон индианчуудын 80-90%-д нь тус тус тохиолддог байна. Мөн Энэтхэгийн ойролцоох газар нутгийн, Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладеш зэрэг улс оронд бас тохиолддог.
Европоос гаралтай цагаан арьстнуудын дунд 1-10% тохиолддогийг төв Азийн нүүдэлчдийн байлдан дагуулалттай холбон авч үздэг бөгөөд үүний нотолгоо нь төв Азиас гаралтай Унгарчуудын 22,6%-д хөх толбо байдаг дээр үндэслэгддэг байна.

Law of Increase

За ингээд ээлжит цувралаа танилцуулж байна. Та бүхэн үүнийг анхааралтай үзээд, юу бодогдож байгаа болон өөрт тохиолдсон сонирхолтой жишээгээ хуваалцаж сэтгэгдэл үлдээгээрэй. Tnx.

Твиттер ба Бизнес: Монгол дахь Caffe Ti-amo-ийн жишээ

Твиттерийг ашиглан хэрхэн бизнесийн болон маркетингийн үйл ажиллагаа явуулах талаар манай клуб өмнө ньбичиж байсныг хэрэглэгч та санаж байгаа биз ээ. Тэр нийтлэлээрээ дамжуулан Монгол дахь бизнесийн байгууллагуудыг хэрэглэгчидтэйгээ ойр байх боломжтой төдийгүй өөрсдийн үйл ажиллагаагаа твиттерээр дамжуулан өргөжүүлэх, явуулах асар том боломж байгааг бичиж, санал болгож байсан. Тэгвэл Твиттерийг ашиглан хэрэглэгчдээ татаж, бизнесээ өргөтгөх, үйл ажиллагаагаа явуулсан Монголын анхны /анхны гээд хэлэхэд буруудахгүй болов уу/ үйлчилгээний байгууллага болох Caffe Ti-Amo-ийн талаар, тэдний туршлагын талаар Монголын Твиттерчдийн клубээс та бүхэнд хүргэж байна. Хэрвээ та анзаарсан бол сүүлийн хэдэн өдрийн хамгийн эрэлттэй, хамгийн хүлээлттэй хайштаг нь #taavar байсан гэдэгтэй санал нийлэх биз ээ. Анх @Zoloogg болон @orgii нарын санаачлан эхлүүлсэн энэхүү хайштагийг ашиглан Монгол дахь үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүдээс хамгийн анх Caffe Ti-amo маркетингийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн юм.

Өдөрт нэг удаа таавар тавьж, ялагчдыг 10,000.₮-өөр өөрийн кафегаар үйлчлүүлэх эрхээр шагнасан тус @tiamocafe-ын#taavar-т оролцоогүй, оролцохыг хүсээгүй хэрэглэгчид байхгүй байсан болов уу. Тэр хэрээрээ Монголчуудын твиттер бичлэгийг нэгтгэх зорилготой бий болгосон олон хайштагуудын нэг #taavar-ийн хэрэгцээ, эрэлт ихэсч, хамгийн сонирхолтой, хамгийн өргөн хэрэглэгдсэн хайштаг болоход мөн л тус байгууллагын явуулсан энэхүү таавар хамгийн том түлхэлт өгсөн нь гарцаагүй.
Тус байгууллагын талаар зарим нэгэн мэдээллийг энд өгөх нь зөв байх гэж бодож байна. Caffe Ti-amo нь 2008 оны 4-р сарын 1-нд нээгдсэн, нээлтээ хийгээд удаагүй байгаа ч гэсэн өөрсдийн урин дулаан үйлчилгээ, тохилог, сэтгэл татам орчин бүрдүүлсний дээр санал болгож байгаа амтлаг, чанартай үйлчилгээнүүдийнхээ ачаар байнгын хэрэглэгчидтэй болж, уулзалт, болзооны хамгийн тохиромжтой газруудын нэг болж чаджээ. Энэ кафе нь 20 гаруй нэр төрлийн байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн тарга багатай Итали зайрмаг буюу желатог та бүхэнд өдөр бүр санал болгож байна.
Тэдний явуулсан нийт 9 удаагийн тааварт твиттерийн 30 гаруй хэрэглэгчид идэвхтэй оролцон, ур ухаан, мэдлэг чадвар, овсгоо самбаагаа сорин өрсөлдсөн билээ. Энэхүү тааврыг явуулж байх хугацаанд өөр олон олон хэрэглэгчид, гадаадад байгаа твиттерчид @tiamocafe-д хандан талархснаа илэрхийлж, үйлчлүүлж байсан тухайгаа, очоод заавал очно гэдгээ илэрхийлж байсныг дурьдах хэрэгтэй.

Өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байгаа Монголын твиттерчдийн гэр бүлд бүртгэлтэй 1000 гаруй хэрэглэгчээс багаар бодож 500 хүн нь тус кафены талаар бага ч гэсэн мэдлэгтэй, мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Тэд өөрсдийн хэчнээн танилдаа, тэр танилууд нь бас хэчнээн найзууддаа энэ тухай ярьсан бол гэхээс твиттер маркетингийн бодлогын үр ашигтай талыг тооцож болох биз. Бидний дээр дурьдсан, @tiamocafe-ийн авч хэрэгжүүлсэн энэхүү чадварлаг бодлого, туршлага өөр олон үйлчилгээний, бизнесийн байгууллагуудад үлгэр жишээ өгч, цаашид явуулах бодлогынх нь үндэс болноо гэж найдаж байна. Энэхүү нийтлэлээрээ бид нийт хэрэглэгчдийнхээ өмнөөс, нийт оролцогчдынхоо өмнөөс албан ёсоор БАЯРЛАЛАА гэж @tiamocafe-д хэлэхийг бас зорьсон билээ.
Твиттер хаяг: @tiamocafe
Веб хаяг: http://tiamo.delhii.net/
Зургийн цомог: Твитпик

Эцэст нь өөрийн тус кафегаар үйлчлүүлсэн тухай бичвэл илүүдэхгүй байх гэж бодож байна. Хэдийгээр би зайрмагны шинжээч, шүүмжлэгч биш ч гэсэн, зайрмагны хорхойтон, хоббитой хүний хувьд тус кафед боломжит 5 онооноос 5 оноо өгмөөр байна.

- Бүтээгдэхүүний хувьд
Мэдээж тус кафе бол ice cafe буюу зайрмагны кафе учраас хамгийн эхэнд бүтээгдэхүүнийг нь дүгнэсэн нь дээр болов уу. Танд маш олон сонголтыг буюу 20 орчим нэр төрлийн зайрмагнаас сонголт хийх боломжийг олгох болно. За тэгээд хараад л ходоодны шүүс ялгарч, арааны шүлс асгарам гайхалтай өнгө үзэмжээрээ таныг өөрийн эрхгүй өөр лүүгээ татах болно. /яг л намайг аваач, намайг амтлаач гэсэн шиг л/ Уруул татам гээд л реклам байдаг шиг сэтгэл татаж, уруул дурлуулам гээд тодорхойлчиход буруудахгүй байх. Хамгийн гол нь Монголд зарагддаг, гадуур хаа сайгүй тааралдаж байгаа Итали зайрмагнуудтай, дэлгүүрт зарагддаг, худлаа үнэн брэндүүдийн хэт үнэтэй хөлдөөсөн зайрмагнуудтай харьцуулахад хамаагүй идүүртэй, хамаагүй арвин, хамаагүй амттай, чанартай санагдсан. Лав л нэг орсон бол дахиж орноо гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Мөн сэндвич, коффее зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг танд санал болгох болно.
- Үнийн хувьд
Үнийн хувьд анх хараад үнэтэй санагдснаа нуугаад яахав. /Р.S: би бол оюутан, сургуулиа төгсөөгүй, ажил хийдэггүй/. Гэхдээ амтыг нь үзээд, орчинд нь тухлаад авсан бол энэ үнэ аргагүй шударга мэт танд санагдах болно. Желатоны хувьд single (3 ширхэг) - 3000, double (5 ш) - 4500, pint (9 ш) - 8500 г.м. үнэтэй байдаг, ерөнхийдөө бусад төрлийн бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн үүнтэй төстэй, ойролцоо үнэтэй байдаг юм байналээ.
- Үйлчилгээ болон Орчны хувьд
Надад хамгийн таалагдсан зүйл нь үйлчилгээ байлаа. Монголоос анх удаа л "ХЭРЭГЛЭГЧ БОЛ ХААН" гэсэн мэдрэмжийг би эндээс л мэдэрлээ. Бусад үйлчилгээний байгууллагуудад ёс юм шиг харагддаг "НАДАД БАРАА БАЙНА, ЧИ АВБАЛ АВ, ҮГҮЙ БОЛ ХУРДАН ХОЛД" гэсэн зарчмыг энд бүрэн халж, гадаадад байгаа мэт л, чухам тэнд л үзүүлж болох үйлчилгээг үзүүлэх болно. Уул шугамандаа үйлчилгээ гэдэг чинь ийм л байдаг юмдаа гэмээр сэтгэгдэл надад төрсөн. Бусад байгууллагууд ч гэсэн тийм байсан бол...
Тансаг бөгөөд тохилог орчин, найрсан бөгөөд чанарлаг үйлчилгээг эндээс авах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэгүй wi-fi-тай учраас энд ажил төрлийн уулзалт болон түүнтэй холбоотой ажлаа гүйцэтгэх бүрэн боломжтой санагдсан, тэгдэг гэдэг нь ч харагдаж байсан. Нам гүм бөгөөд тухтай, за тэгээд "романтик" орчныг бүрэн бүрдүүлсэн учраас хосуудын хувьд болзооны хамгийн тохиромжтой цэг нь болох боломжтой, тэгдэг гэдэг нь ч бас харагдаж л байсан.
За тэгээд сүүлд нь сануулахад энэ бол зөвхөн миний бодол. Миний зүгээс өгсөн үнэлгээ. Таны зүгээс нэмэх санал сэтгэгдэл, шүүмж байвал сэтгэгдэл дээр үлдээхийг хүсье.


/
http://mongoltwitter.blogspot.com/

Law of Recieving

Нэг хэсэг блогын дизайныг сайжруулах гээд оруулж байгаад тасалдуулчихсан байсан. За амжилт.

Сонирхолтой цикл

За нэг иймэрхүү сонирхолтой шүлэг олоод, бага зэрэг засварлаад нийтлэв.

Чиний ХАЙР бол гэр бүл
Чиний гэр бүл бол ирээдүй
Чиний ирээдүй бол хувь тавилан
Чиний хувь тавилан бол аз жаргал
Чиний аз жаргал бол хөдлөгч хүч
Чиний хөдлөгч хүч бол хүсэл тэмүүлэл
Чиний хүсэл тэмүүлэл бол итгэл үнэмшил
Чиний итгэл үнэмшил бол боловсрол
Чиний боловсрол бол хүмүүжил
Чиний хүмүүжил бол ХАЙР