Finally...

Өнгөрсөн шөнө нойр хулжиж, элдэвийг бодож үүр цайлгав. Харих хоног ойртох тусам улам л яарч, цаг хугацаа удаан өнгөрөөд байгаа юм шиг санагдан хоног тоолно.

Хол байхад илүү ойлгож, ойр дотно хүмүүстэйгээ уулзах гэж яарах нь энгийн зүйл. Гэтэл ойр байхдаа ч бид аав, ээжээ хэр ойрхон эргэж, орж гардаг билээ. Энэ бичлэгийг уншиж байгаа та бидний мэддэг мөртлөө анзаардаггүй зүйлийг сануулах гэж энэ бичлэгийг орууллаа.

Crips & Bloods ба 7/1

Би үнэндээ 10-н жилд байхдаа ч, дээд сургуульд байхдаа ч түүх судлалын ач холбогдлыг ойлгодоггүй байсан. Харин амьдралтай танилцахын хирээр түүхээ мэдэх, түүхээс суралцах хэрэгтэй гэдгийг ухамсарлаар л... Заримдаа нийгмийн ухаан нь субьектив шинжтэй болохоор хүн болгон өөрийн өнцгөөс тайлбарлан туйлын зөв хариултгүй мэт. Хүн, нийгмийн танин мэдэхийг тусам түүхийн үнэ цэнийг мэдэрнэ.

Энэ киног үзсэний дараагаар намайг жоохон байхад манай Монголд Квантунынхан гэж байсан гээд л... үлгэр шиг зүйлүүд яригддаг л байсныг санаанд оров. Бодвол үүн шиг бүлэглэлүүд байсан байх л даа. Мөн энэ баримтат киног үзэж байхдаа 7-р сарын 1-ний МАХН байрны өмнө болсон жагсаалын тухай ч бодогдож суулаа.

Хүмүүс шудрага бус байдлыг эсрэг нэгдэнэ, түүндээ буруутан хайна. Тэр буруутнаар нь МАХН-ыг сонгосон. Үнэндээ би сонгуулийн будлианд хэн буруутайг мэдэхгүй ч, тухайн үймээний үед төрийг МАХН барьж байснаараа жагсаалийг ийм хэмжээнд хүргэхгүй байж болох байсан гэдгээр өнцгөөс буруутай гэж хардаг. Харин тэр жагсаалийг дэвэргэн, өрдсөн гэдгээр АН-ийг мөн буруутай гэж ойлгодог. Иймд нэг нь хар, нөгөө нь цагаан гэж туйлшрах бус иргэдээ тийм үр дагаварт хүргэсэн бүгд л буруутай гэвэл зөв болох байх.

Миний хувийн бодол бол улс төрийн томоохон нөлөөтэй зарим нэг хүмүүст сонгууль ашиггүй эргэхэд түүнийг эсэргүүцэн, түүний цэргүүд мэдээллийн хэрэгсэлээр бухимдсан ч гэртээ байсан иргэдийг уриалан талбайд цуглуулан асуудлыг хурцатгасан. Хар мэдээнээс өөр зүйл гаргахаа байсан, загнаад байгаа мэдээ хөтөлдөг телевизүүд нь ч үүнийг нь өлгөж аваад сайн ч сурталчилсан. Үр дүнд нь иргэд шоронд орж, зарим бохир сэтгүүлч нар хэдэн цаас хийж, том гаруудын сөргөлдөөн амжилтанд хүрч, амжилттай тохиролцоогоо тэмдэглэн олимпийн баярт мэдээгээр согтуу тэврэлдэх шахам хөөрцөглөнө.

Энэ киноноос миний ойлгосон зүйл бол иргэд бол иргэн биш. Иргэдтэй холбоотой асуудал үндэслэлтэй. (Сэтгүүлч Уянга, Баасан авгай нтр-ийн фен клубийнхан л үнэгүйтүүлээд байгааг эсвэл тооцвол, хуульч Батнягт шиг хүмүүсийг төр шоронгоор мохоогоогүй бол, их л дэмжиж байсан юмсан.)

Иргэдийн асуудлыг түр хүчээр шийдвэрлэх нь гал унтраах төдий хэрэг бөгөөд илүү том асуудлыг үүсгэдэг мэт. Үнэндээ энэ түүхээс харахад тухайн үед АНУ-ын төрд сонголт байгаагүйдээ л хүлээн зөвшөөрсөн юм шиг санагдсан. Гэхдээ манай төр өөрийн болон хоёр том хөршийн хэдэн зуун дамжсан түүхэн арвин туршлагаар шийр зааж 7-р сарын 1-нд галаа унтраачихаад, маш хурдан нэг сувгаар иргэдийн тархийг угааж, давхар алдаагаа бүрэн биш ч, үзэгдэх байдлаар бага хэмжээнд засаж эхэлсэн нь сайшаалтай ч, үр дүнтэй ч болсон. Гуравхан сая Монголчууд бид нутаг орондоо сайхан амьдрах юмсан даа.

Ярилцаж эхлэх цаг нь аль дээр өнгөрсөн...

Сүүлийн үед нилээд их зүйлийг эргэцүүлэх болов. Би жилийн өмнөхийг хүртэл Монголд 28 жил ажиллаж, амьдарч ирсэн. Надад илүү зүйл хэрэггүй гэдэгтээ итгэлтэй байдаг. Одоо хүний нутагт гэр бүл, хайртай дотно хүмүүсээ санахын хирээр хурдхан шиг л буцах гэж яарна. Хоног өдөр ойртох тусам цаг удаан яваад байгаа мэт, өнгөрч өгөхгүй яарах юм. Би эх орон, ойр дотны хүмүүсдээ үнэхээр их хайртай гэдгээ өдөр тутам мэдэрнэ.

Гэтэл бас нэг бодол үргэлж нэг бодол намайг мартчих вий гэсэн шиг бодогдоно. Анх би энд ирээд Америк, Франц, Австрали гээд л дэлхийн хөгжилтэй орнуудаас ирсэн оюутануудтай хамт нэг ангид орлоо. Тэд ч өөрийн гараар тухайн орныг байгууллаад, хөгжүүлээд өдий хүргэчихсэн хүмүүс шиг л аашилна. Цаг хугацаа өнгөрч, адил хэмжүүрээр хэмжигдэхийн хирээр тэдний хэмжээ нь танигдана. Гэтэл ийм залхуу, хөлдүү хүмүүс тухайн улсдаа маш ойр зуурын хөнгөн ажил хийж авсан цалин нь амжиргааны зөрүүгээр Тайваньд эзэн нь юм шиг дураараа дургиж амьдарна.

Тайваньчуудын цалингийн доод хэмжээ нь цагийн 100NTD байдаг. Энэ нь манайхаар 4500₮ болдог. Гэтэл Тайваньчууд амьдрал хэцүү гэж ЗГ-таа гомдоллоно. Гэтэл амжиргааны түвшин өндөр юм уу гэхээр миний сүүлд сонссоноор үхрийн мах Монголд кг нь 6000₮ болсон гэж дуулсан. Гэтэл энд хөлдөөсөн үхрийн мах 100NTD - 120NTD буюу манайхаар бол 4500₮ - 5500₮ юм даа. Гэтэл манай орон чинь цалин хэд билээ. Тэгээд яаж болоод байдаг юм. Тэгээд манай улс чинь хэдэн малтай билээ. Тайвань улс чинь малгүй шүү дээ. Ингээд бодохоор бид ямар хэцүү, Тайваньчууд манайхныг бодвол хамаагүй боломжийн амьдралтай газар байгаа биз дээ. Гэтэл Тайваниас Австрали хамаагүй дээр туслах ажилтан 3000USD орчим цалин авдаг гээд л... Франц улс нийгмийн халамжаараа дэлхийд тэргүүлдэг гээд л.. Монгол улс амжиргаагаараа улам тэр дор алслагдсаар...

Би энэ бүгдийг Монголдоо үлдэхгүй гэсэндээ бичсэнгүй. Харин ч Монголдоо бүх насаараа үлдэх учраас бичиж байгаа юм. Монголд үлдэхгүй хүмүүс өөрт хамаагүй зүйлд цаг зарахгүй биз. Одоо миний түрүүнээс хойш асуух гэж оролдоод байгаа гол асуултандаа оръё.

Яагаад дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх ордтой, хүн амаасаа хэд дахин давсан малтай, энэ их газар нутагтай 3-хан сая Монголчууд ийм байдалд ордог байнаа ???

Манай улсын ерөнхийлөгч Элбэгдорж сайндаа Ардчилалыг бий болгоогүй юм. Тэр хүн бол нийгмийн дэлбэрэхэд бэлэн байсан тохироог анхлан илэрхийлсэн хэсэг хүмүүсийн л нэг гэж би боддог. Бурхан байгаль дэлхий дээр амьд амьтаныг бүтээхдээ маш сайн бодсон юм шиг ээ.

Дасан зохицих зарчим
Мэлхийг халуун буцлам усанд хийхээр үсрээд амьд гардаг атал бүлээн усанд хийгээд бага багаар халаагаад байхаар суусаар байгаад буцалж үхдэг гэдэг. Энэ нэг 3-хан сая хүнийг Хятадын их гүрний бодлого, Монгол төрийн арчаагүй байдал нийлээд аажимаар өдий зэрэгт хүргэсэн бололтой. Ялангуяа Монголчууд бид дасан зохицох чадвар их сайтай хүмүүс юм.

Өмнө нь Монголд байхдаа өнөөдрийн над шиг ярьж байгаа хүнийг огт хүлээж авдаггүй байлаа. Гадаадад байсан амьдрал мэдэхгүй нөхөр олон юм ярьж байна гэсэн юм боддог байлаа. Гэтэл миний буруу байж, энд байх хугацаа нь аажимаар буцалж байгаа халуун усны гадна гарч хараад бид чинь буцлаад байсан юм байна гэж мэдэж байгаатай утга нэг гэмээр байна.




Дээр оруулсан клипүүдийг үзвэл нийгмийн тохироог л дуулаад байгааг харж болно. Харин энэ дуунууд нэг зүйлээрээ адил дутуу байдаг. Үүнийг хэрхэн яаж өөрчлөх вэ? гэсэн арга зам нь байдаггүй. Угаасаа тэр өөрчлөх хүмүүс нь дуучид ч байх албагүй, тэд дангаараа чадах ч үгүй биз. Гэхдээ мэдээж том үүрэгтэй хүмүүс. (1990он. "Хонх" хамтлаг)

(Дуучин BX саяхан аав болсон гэж уншсан юм байна. Хүн үр хүүхэдтэй болохоор хойч үеээ бодох нь аргагүй юм. Тэр дуучин Quiza эд нар ер нь их таалагддаг. Энэ дуу эхлээд сонсоход тиймэрхүү байсан ч 2, 3 сонсоод таалагдаж эхэлсэн, ганц нэг үгийг эс тооцвол гоё ч дуу байна лээ. Улс төрийн дуу ТВ-гээр явуулах нь бага болохоор албаар энд тайлбартай орууллаа. Та нар ч бас цааш нь тараахыг бодоорой.)

Энэ дуунууд хоёр өөр УИХ 76-н үед дуулагдсан дуунууд байгаа. Энэ нь бид ярьсаар байгаад өмнөхөөсөө ялгаагүй сонголт хийчихсэн байгаагийн баталгаа гэлтэй.

Ер нь яг юу болоод байгаа юм бэ? Сонгодог 2 намтай. Үржигдэхүүний байрыг солихоор үр дүн нь ижил гэдэг шиг, нам нь ээлжлээд л байдаг, өөрчлөгдсөн юм алга. Нэг нь 70 жилийн түүхэн замналаар тоноглогдсон, нөгөө нь ард иргэдийн ардчилалын эрмэлзлээр тоноглогдсон 2 нам гаднаасаа харахад их ялгаатай. Дотоод гишүүдийнх нь бүрэлдэхүүн нэрнээсээ бусдаар бол ялгагдахгүй ижил ашиг сонирхолтой нэр дэвшигчидтэй намууд арга ч үгүй юм шиг.

1990 оны Ардчилалын тохироо, 2010 оны Ардчилалын тохироо 2 яг юугаараа ялгаатай юм бэ? Яагаад МАХН суудлаа тавьж өгсөн юм бэ?

Би энэ талаар бодож үзлээ. Ер нь аль алинд төрийн хар хайрцагны бодлого байсан л байгаа. Би санаанд орсноороо ялгааг нь хэлэх гэж оролдъё. Би буруу ярьж байгаа гэдэгтээтэйгээ санал нэг байна. Та бүхэн сэтгэгдэл дээр саналаа дэвшүүлж залруулна биз.

1. 1990 оны төр өрөндөө баригдаад, алдаагаа хүлээн зөвшөөрсөн төрийн сэхээтнүүдийн ёс зүйн түвшин өндөр байсан тул байр сууриа тавьж өгсөн. 2010 идэж уугаад, улс орноо доройтуулсан ч, түүнийг алдаа гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхөөргүй гишүүд, хүлээн зөвшөөрөх байсан ч, үгүйсгэх намын нөлөө. "Горьд воо.." гэх биз..


2. 1990 онд Хятад улс хаалттай байсан. 2010 онд Хятад гүрэний бодлого өнөөгийн төрд нөлөөлдөг байх гэж боддог.

3. Хамаарлын зарчим
За энэ харин маш чухал санагдсан болохоор дэлгэрүүлж бичье. 1990, 2010 оны аль ч төрийн үед хамаарлын зарчим маш хүчтэй байсан юм шиг санагддаг. 1990 оны үед дэлгүүрийн лангуу хоосорч, төрд иргэдийг хамааруулан барих зүйл үлдээгүй.

Харин 2010 он бол өөр асуудал юм. Миний нэг таньдаг нөхөр улаан Ардчилсан үзэлтэй, дээлээ уралцана... гээд л гүйдэг байсан залуу, саяхан МАХН-ын батлахаа авлаа гэнэ. Ийм жишээ маш олон. Шалтгаан нь ч ойлгомжтой. Гэр бүлийнх нь нэг нь төрд эсвэл намд байр суурь нь ахих явдал. Эндээс энгийнээр дүгнэвэл Монголд хэзээ ч хувьсгал дахин иргэдээс гарахгүй. Учир нь хүн гэдэг амьтан ийм өчүүхэн, өөрийгөө золих байлаа ч үр хүүхдээ бодно. Бүгд л тийм учир буруутгах аргагүй юм.

Үр хүүхэдгүй, залуу үе нь өөрчилнө гэв үү? Энгийн жишээ л гэхэд "Оюутаны холбоо"-ны толгойд суусан малнууд цагаандаа гарч, ТВ-ээр эрх мэдлээ булаалдан хэрэлдэж байгаа нь өрөвдөлтэй. Хамаарлын зарчим ийм л хүчтэй, эдийн засгийн өнөөгийн тогтолцооны нөхцөлд хэзээ ч гудайхгүй хүчтэн.

Харин 2 том нам маань хоорондоо зөрчилдвөл тэдний ашиг сонирхолын зөрчилдөөний улмаас хувьгалын дайтай юм болж магадгүй. Эцэст нь иргэд шоронд орж, сөргөлдөөний 2 тал олимпийн аврагаа цэргүүдтэйгээ тэмдэглэн ТВ-ээр орилно. (7-р сарын 1)
Гэхдээ дахин ийм асуудал ч гарахгүй биз дээ, ялангуяа Хятадын төрийн бодлогын давхар хяналтынхан тооцоогүй жижиг алдаагаа ухаарч, арга хэмжээ авсан байдаг байлгүй. Тэд Монголчуудын унтаа хэвээр нь байлгахын төлөө юу ч хийхэд бэлэн хүмүүс. Бид ч хүссэнээр нь сайхан унтах юм. Хятад улсын хувьд 1400 цэрэг удирдаг жанжингаар 3 цэрэг удирдахтай адил хялбар зүйл байдаг байлгүй. (Хятад улс ~1,4 тэрбум хүн ам, Монгол улс ~3 сая хүн ам)


За одоо өмнөх асуултаа дахин асууя.

Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх ордтой, хүн амаасаа хэд дахин давсан малтай, энэ их газар нутагтай 3-хан сая Монголчууд ядуурлаас хэрхэн гаргах вэ ???

Xариулт 1: Хамгийн түрүүнд сонгуулийг үнэн зөв тоолдог болох хэрэгтэй. Дараагийн нэг хийгдэх зайлшгүй шаардлагатай зүйл бол мөнгөний сонгуулийг зогсоох хэрэгтэй. Үүний тулд ард иргэд өөрсдийн саналаараа мөнгөний сонгууль хийж байгаа хүнийг сонгохгүй байх, мөрийн хөтөлбөрөө хэвлэж тараах мөнгөгүй хүнийг зав гарган, очиж сонсож байж анхны хөрс суурь нь тавигдана.

Бид 2-н хооронд өөх ч биш, булчирхай ч биш амьдралтай, архиндаа мансуурч байх хооронд Хятад улс Монголын ашигт малтмалыг дээд хүчин чадлаараа зөөж байна. Зүгээр ч зөөхгүй биднээр доог тохуу хийж, залуу охидоор нь зугаагаа гаргаж байна. Бид зөвхөн нүдээ нээхэд л хангалттай. Гэтэл бид баарнуудыг шөнө ажиллахыг болиулчихлаа гэсэн хэрүүл яриад гүйж баймааргүй байна. Зарим нэг баарны эздийн захиалгаар мессенжер уриалгууд яваад л байна лээ. Би хувьдаа Монголчууд бид 12-оос хойш бааргүй болсноор үхэхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин ч сайнаар нөлөөлнө. Ямар хүн нь ийм мундаг шийдвэр гаргадаг байна. Үнэндээ зарим нэг талаараа Монголчууд бидний ардчилсан эрх мэдэл хэтрээд байгаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй.

Бас би сая энэ 6-н сард нээлтээ хийсэн "Unthinkable" гэж кино үзсэн. Зарим нэг нь үзсэн байлгүй. Гол санаа нь өрсөлдөгчийнхөө төлөвлөөгүйг хийж ялалтанд хүрдэг. Хүрээнээс гадуур нүүж байж амжилтанд хүрдэг. Хятад улстай хийх худалдааны бодлогоо чангатгах хэрэгтэй байж болох юм. Импортын татварыг нэмэгдүүлж, түүхий эдийн экспортын татвараа нэмж, эдийн засгаа босгох гэж үзэх. Бүтэхгүй сонсогдож байгаа нь ойлгомжтой. Ингэлээ гээд Хятад улс авахгүй байх аргагүй. Учир нь Хятадын дэлхийн эдийн засаг дахь байр суурь тэдэнд маш чухал. Монголын эдийн засгийн сөхрүүлэн, нэг хэсэгтээ гүрийсэн ч удахгүй биз. Мэдээж энэ мэдээлэл цацагдана. Нийлүүлэгч цөөдөхөөр бусад нийлүүлэгчдийн үнэ өснө. Энэ нь тэр чигээр нь Хятадын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сулруулна. Ялангуяа өнөөгийн Хятадын хөдөлмөрийн хөлс нэмэгдэх хандлагатай байгаа ба зарим хөрөнгө оруулалтууд Вьеьнам руу урсаж эхэлж байгаа өнөө үед, мөн Хятад улсын түүхий эдийн хэрэгцээ хэтэрхий их тул тэд хурдан хариу үзүүлэх магадлал өндөртэй.

Харин удаж бидний тэвчээрийг үзэхээр болвол 4 жил нь дуусчих гээд УИХ-н гишүүдэд л хэцүү юм даа. Сонгуульд баахан мөнгө зарчихсан байдаг. Тэгэхээр дээр дурьдсанчлан мөнгөгүй сонгууль болсон тохиолдолд л хурц шийдвэр гарах боломжтой. Бид үүний төлөө бүсээ чангалсан ч яахав дээ, ялгаагүй одоо ч гэсэн Монголчууд бид бүсээ чангалж байна. Учир утгагүй чангалж байснаас, учир утгатай зорилготой чангалахад яахав дээ. Бид түүхий эдээ хадгалаад гүрийвэл Хятадууд биднийг хэдий удаан ч хүлээж чадна, харин бид ямар ч хямд үнээр хамаагүй Орос руу урсгаад эхэлбэл Хятадууд маш хурдан буулт хийхээс аргагүй болно. Учир нь өрсөлдөгчөө бэхжүүлж байснаас биднийг босгох нь дээр болно. Тэгээд бид 2 дахь Эрдэнэт-ээ босгоод эхэлбэл байдгаа бариад гүйх байлгүй.
(Яг энэ мөчид Тайвань улс худалдааны бодлого нээх гээд, иргэд нь үр нөлөөг нь ойлгоод ерөнхийлөгч руугаа өндөг шидэж байна. Тэд энэ шийдвэрийн дараа Тайвань улс эдийн засгийн хараат болсноор Хятадуудад залгиулна гэдгийг мэдэж байгаа хэрэг.)

Монголын залуус төрийн албаны эрх мэдэлд хошуурч, хор найруулах бус, хувийн хэвшилд хошуурч баялаг бүтээдэг болсон цагт Монгол улс хөгжинө. Монгол улс багшийн цалинг сайжруулж, чанартай боловсрол олгодог болж байж хөгжинө. Авилгалтай тэмцэх газар нь эрх баригчид хоорондын улс төрийн зэвсэг бус, бие даасан бодит хяналт болж байж Монгол улс хөгжинө.

Төр оролцоогоо багасгаж, хувийн хэвшлийг шудрага өрсөлдөх боломжоор нь хангаснаар олигопольжсон бизнесүүд дураараа үнээ нэмэхээ болж, эрүүл өрсөлдөөний тогтолцоонд орсон тохиолдолд Монгол улс хөгжинө. Учир нь том бизнесүүд тухайн салбарт зөвшөөрөл өгдөг байцаагчыг тэжээснээр, тэр төрийн эрх мэдэлтэн тухайн салбарт шинэ бизнесүүдэд зөвшөөрөл өгөхгүй, өгсөн ч хавчих замаар сөхрүүлж, бодит өрсөлдөөнийг боймилж ашиг олдог гэсэн албан бус яриа байдаг. Гэтэл одоо маш хортой үзэгдэл нь бизнесүүд шатахууны ханшны хэлбэлзлийг анаж үнээ нэмээд, эргэж бууруулахгүй. Улмаар түүндээ амтшиж байна. Энэ нь бодит өрсөлдөөн байхаа больсон, олигополь шинжиндээ орсны баталгаа юм.
Яг үүний адил зарчмын дагуу Хятадууд 76-н гишүүнийг 4 жил тэжээж түүхий эдийг нь авах нь 3 сая хүнийг хойч үетэй тэжээх гэрээ хийхээс ашигтай л даа. Магадгүй Хятадууд сонгуулийг санхүүжүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Иймд мөнгөгүй сонгууль хийж байж л найдвар төрөх юм. За тэгээд баахан хар бараан зүйл бичсэн бол уучилна биз дээ. Энэ бүхний эцэст сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Xариулт 2: За одоо таны ээлж.....? Comment-ээ үлдээж, санал бодлоо хуваалцаарай. Гол нь хар барааныг нь би чадахаараа биччихсэн болохоор арга зам талаас нь бичвэл их баярлана шүү.