Тод Өнгө


Бид амьдралын эрээн барааныг ярьдаг. Амьдрал энэ бүхэн байдаг ч хүн амьдралын тод өнгөнүүдийг ялгах мэдрэмжтэй байж, түүгээрээ өөртөө болон эргэн тойрондоо өнгө түгээдэг байх ёстой мэт. Миний хувьд энэ асуудалд нилээд ач холбогдол өгч ханддаг бөгөөд түүнээс ч миний блогны нэр урган гарсан билээ.

Хүн өөрийгөө юу хүсч байгааг, яавал үнэхээр баярлахаар байгаагаа чагнаж, түүндээ цаг зарцуулж, тэр баяр баясгалангаа ойр дотны хүмүүстэйгээ хуваалцаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог.

За ингээд нэг сонирхолтой жишээ танилцуулъя. Энэ жишээнээс энэ нийтлэлийн бичих сэдэл төрсөн гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Яг өнөөдөр УБ хотод маань агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг төсөөлөхөд хэцүү биш байна. Үнэхээр харамсалтай. Тэр их утаагаар манай хүү ч гэсэн тэнд амьсгалж байгаа. Энэ олон асуудлаас гарах нэг зөв арга зам бол мод тарих гэдгийг бид мэддэг. Бид агаарын бохирдол гэж гомдоллодог. Төр нь мод тарьдаг, тэр нь бизнес байдаг. Тэгээд л мод нь үхээд, дахиад л иргэд гомдоллож, төрийн түшээд дахин мөнгө хийх боломж үүсэхгүй... Иргэд гомдоллохгүй бол дахин төсөвөөс мөнгө гаргуулж чадахгүй. Нэг иймэрхүү сонин урваа хамааралтай. За ингэсгээд л нэг гомдоллосон, түүнд нь ажилласан 2-ын үлгэр шиг юм л яваад байдаг байсан.

Гэтэл үнэхээр чихэнд сонсголонтой нэг зүйлийг олж дуулаад, сэтгэл хөдлөөд... хэ хэ хэ...
Юу вэ? гэхлээр Сүхбаатар дүүргийн 7-р хорооныхон хорооныхоо иргэдэд тусгай газар гаргаж өгөөд, тэр газар нь тухайн хорооныхон шинэ төрсөн хүүхэддээ зориулан мод тарьдаг гэнэ. Тэр мод нь хүүхдийнх нь нэртэй гэнэ. Намайг л лав хүүдээ зориулж мод тарь гэвэл хашгираад л орно доо.

Манай нийслэл хотод хэдэн хүн төрдгийн жилд, тэр тоогоор жилд шинэ асаргаатай зулган мод бие болно гэсэн үг. Миний л санаж байгаагаар ТВ5-аар тухайн өдөрт улсын хэмжээгээр төрсөн хүүхэд гэхээр нэг 70-80 байдаг байхаа тээ, тэгвэл нийслэлд өдөрт 30 гэвэл жилд 10950 мод таригдах боломжтой юм байна. Бараг нэг жилд л утаанаасаа гарчих юм шиг л харагдаж байна даа. Мэдээж модыг зөвхөн хавар, намарт л тарьдаг болохоор нэгдсэн журмаар зардал багатай тордоод байх боломжтой. Хэрвээ энэ хэмжээний модыг тендерээр тариулвал хэд нь төрийн албан хаагч, хэд нь яг гүйцэтгэгчийн гарт очих бол, тэгээд хэд нь ургах бол, бас л эргэлзээтэй л асуудал. хэ хэ хэ...

Тийм болохоор угаасаа төр мод тарьж чаддаггүй нь батлагдчихсан төрийг гоочлоод, өөлөөд санаагаа амраачихаад өөрсдөө хордсон хэвээр байж байхаар гэр бүлийнхэнтэйгээ хамт мод тарьж гэр бүлдээ нэг ч гэсэн сайхан дурсамж нэмэн, нэг амралтын өдрийг сонирхолтой өнгөрүүлээд л... Сайхан ч дурсамжтай бас утаагүй ч хоттой болчихвол энэ нь л жинхэнэ тод өнгө болох байх даа..

Утаандаа дарагдсан саарал хот, түүнд нь амьдрах бухимдуу хүмүүс... байхаар зүгээр л диваан дээрээс бүдүүн бөгсөө ховхлоод, нэг өдрийн шоуныхаа мөнгөөрөө гараад мод тарьцгаа... Аавууд минь. хэ хэ хэ...

Мод тарихыг бас их том буян гэж сонсож байсан юм байна шүү. Зарим хүмүүс бурхан болсон хүндээ зориулж бас мод тарьдаг. Энэ ч бас их л зөв юм байна лээ. Ядаж л хогонд дарагдсан чулуутай ярьснаас цэцгэлж байгаа модтой ирж ярьсан нь дээр биз дээ.

Ийм үнэн түүх олон байвал амьдрал үргэлж тод, өнгөлөг бас утга учиртай байдаг байх гэж бодогдсон шүү. Монголчууд модоо тарьцгаая... Энэ уриалгыг цааш нь дамжуулна уу.

2 comments:

Odgerel Dalkhjav said...

Мод тарихыг хэн ч хийнээ, миний л мэдэхийн манай байгууллага хавар болгон /3 жил дараалан/ нийслэлд, дараа нь гачууртын аманд бүхэл бүтэн төгөл суулгасан. Хамгийн гол нь арчлах. . . Одоо суулгасан моднуудаас ганц нэг л торойж харагддаг, тэгтэл байгууллагынхаа гадаа тарьсан 4 сулгац 3 жилийн дотор хичнээн сайхан ургаж байна гээч. Мод тарьвал арчилж сурья, арчлахгүй юм бол хайран хөдөлмөр, цаг зав, хөрөнгө мөнгө . . .

Nurbol Davis said...

Ахаан, гол нь тийм болоод л үүний тухай бичсэн хэрэг. Хүн хэзээ ч өөрийн гэр бүл, ялангуяа шинэ төрсөн хүүхэддээ зориулсан модоо арчлахгүй, эргэхгүй байна гэж байхгүйд л энэ санааны сайн тал нь байгаа юм.