Твиттер ба Бизнес: Монгол дахь Caffe Ti-amo-ийн жишээ

Твиттерийг ашиглан хэрхэн бизнесийн болон маркетингийн үйл ажиллагаа явуулах талаар манай клуб өмнө ньбичиж байсныг хэрэглэгч та санаж байгаа биз ээ. Тэр нийтлэлээрээ дамжуулан Монгол дахь бизнесийн байгууллагуудыг хэрэглэгчидтэйгээ ойр байх боломжтой төдийгүй өөрсдийн үйл ажиллагаагаа твиттерээр дамжуулан өргөжүүлэх, явуулах асар том боломж байгааг бичиж, санал болгож байсан. Тэгвэл Твиттерийг ашиглан хэрэглэгчдээ татаж, бизнесээ өргөтгөх, үйл ажиллагаагаа явуулсан Монголын анхны /анхны гээд хэлэхэд буруудахгүй болов уу/ үйлчилгээний байгууллага болох Caffe Ti-Amo-ийн талаар, тэдний туршлагын талаар Монголын Твиттерчдийн клубээс та бүхэнд хүргэж байна. Хэрвээ та анзаарсан бол сүүлийн хэдэн өдрийн хамгийн эрэлттэй, хамгийн хүлээлттэй хайштаг нь #taavar байсан гэдэгтэй санал нийлэх биз ээ. Анх @Zoloogg болон @orgii нарын санаачлан эхлүүлсэн энэхүү хайштагийг ашиглан Монгол дахь үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүдээс хамгийн анх Caffe Ti-amo маркетингийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн юм.

Өдөрт нэг удаа таавар тавьж, ялагчдыг 10,000.₮-өөр өөрийн кафегаар үйлчлүүлэх эрхээр шагнасан тус @tiamocafe-ын#taavar-т оролцоогүй, оролцохыг хүсээгүй хэрэглэгчид байхгүй байсан болов уу. Тэр хэрээрээ Монголчуудын твиттер бичлэгийг нэгтгэх зорилготой бий болгосон олон хайштагуудын нэг #taavar-ийн хэрэгцээ, эрэлт ихэсч, хамгийн сонирхолтой, хамгийн өргөн хэрэглэгдсэн хайштаг болоход мөн л тус байгууллагын явуулсан энэхүү таавар хамгийн том түлхэлт өгсөн нь гарцаагүй.
Тус байгууллагын талаар зарим нэгэн мэдээллийг энд өгөх нь зөв байх гэж бодож байна. Caffe Ti-amo нь 2008 оны 4-р сарын 1-нд нээгдсэн, нээлтээ хийгээд удаагүй байгаа ч гэсэн өөрсдийн урин дулаан үйлчилгээ, тохилог, сэтгэл татам орчин бүрдүүлсний дээр санал болгож байгаа амтлаг, чанартай үйлчилгээнүүдийнхээ ачаар байнгын хэрэглэгчидтэй болж, уулзалт, болзооны хамгийн тохиромжтой газруудын нэг болж чаджээ. Энэ кафе нь 20 гаруй нэр төрлийн байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн тарга багатай Итали зайрмаг буюу желатог та бүхэнд өдөр бүр санал болгож байна.
Тэдний явуулсан нийт 9 удаагийн тааварт твиттерийн 30 гаруй хэрэглэгчид идэвхтэй оролцон, ур ухаан, мэдлэг чадвар, овсгоо самбаагаа сорин өрсөлдсөн билээ. Энэхүү тааврыг явуулж байх хугацаанд өөр олон олон хэрэглэгчид, гадаадад байгаа твиттерчид @tiamocafe-д хандан талархснаа илэрхийлж, үйлчлүүлж байсан тухайгаа, очоод заавал очно гэдгээ илэрхийлж байсныг дурьдах хэрэгтэй.

Өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байгаа Монголын твиттерчдийн гэр бүлд бүртгэлтэй 1000 гаруй хэрэглэгчээс багаар бодож 500 хүн нь тус кафены талаар бага ч гэсэн мэдлэгтэй, мэдээлэлтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Тэд өөрсдийн хэчнээн танилдаа, тэр танилууд нь бас хэчнээн найзууддаа энэ тухай ярьсан бол гэхээс твиттер маркетингийн бодлогын үр ашигтай талыг тооцож болох биз. Бидний дээр дурьдсан, @tiamocafe-ийн авч хэрэгжүүлсэн энэхүү чадварлаг бодлого, туршлага өөр олон үйлчилгээний, бизнесийн байгууллагуудад үлгэр жишээ өгч, цаашид явуулах бодлогынх нь үндэс болноо гэж найдаж байна. Энэхүү нийтлэлээрээ бид нийт хэрэглэгчдийнхээ өмнөөс, нийт оролцогчдынхоо өмнөөс албан ёсоор БАЯРЛАЛАА гэж @tiamocafe-д хэлэхийг бас зорьсон билээ.
Твиттер хаяг: @tiamocafe
Веб хаяг: http://tiamo.delhii.net/
Зургийн цомог: Твитпик

Эцэст нь өөрийн тус кафегаар үйлчлүүлсэн тухай бичвэл илүүдэхгүй байх гэж бодож байна. Хэдийгээр би зайрмагны шинжээч, шүүмжлэгч биш ч гэсэн, зайрмагны хорхойтон, хоббитой хүний хувьд тус кафед боломжит 5 онооноос 5 оноо өгмөөр байна.

- Бүтээгдэхүүний хувьд
Мэдээж тус кафе бол ice cafe буюу зайрмагны кафе учраас хамгийн эхэнд бүтээгдэхүүнийг нь дүгнэсэн нь дээр болов уу. Танд маш олон сонголтыг буюу 20 орчим нэр төрлийн зайрмагнаас сонголт хийх боломжийг олгох болно. За тэгээд хараад л ходоодны шүүс ялгарч, арааны шүлс асгарам гайхалтай өнгө үзэмжээрээ таныг өөрийн эрхгүй өөр лүүгээ татах болно. /яг л намайг аваач, намайг амтлаач гэсэн шиг л/ Уруул татам гээд л реклам байдаг шиг сэтгэл татаж, уруул дурлуулам гээд тодорхойлчиход буруудахгүй байх. Хамгийн гол нь Монголд зарагддаг, гадуур хаа сайгүй тааралдаж байгаа Итали зайрмагнуудтай, дэлгүүрт зарагддаг, худлаа үнэн брэндүүдийн хэт үнэтэй хөлдөөсөн зайрмагнуудтай харьцуулахад хамаагүй идүүртэй, хамаагүй арвин, хамаагүй амттай, чанартай санагдсан. Лав л нэг орсон бол дахиж орноо гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Мөн сэндвич, коффее зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг танд санал болгох болно.
- Үнийн хувьд
Үнийн хувьд анх хараад үнэтэй санагдснаа нуугаад яахав. /Р.S: би бол оюутан, сургуулиа төгсөөгүй, ажил хийдэггүй/. Гэхдээ амтыг нь үзээд, орчинд нь тухлаад авсан бол энэ үнэ аргагүй шударга мэт танд санагдах болно. Желатоны хувьд single (3 ширхэг) - 3000, double (5 ш) - 4500, pint (9 ш) - 8500 г.м. үнэтэй байдаг, ерөнхийдөө бусад төрлийн бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн үүнтэй төстэй, ойролцоо үнэтэй байдаг юм байналээ.
- Үйлчилгээ болон Орчны хувьд
Надад хамгийн таалагдсан зүйл нь үйлчилгээ байлаа. Монголоос анх удаа л "ХЭРЭГЛЭГЧ БОЛ ХААН" гэсэн мэдрэмжийг би эндээс л мэдэрлээ. Бусад үйлчилгээний байгууллагуудад ёс юм шиг харагддаг "НАДАД БАРАА БАЙНА, ЧИ АВБАЛ АВ, ҮГҮЙ БОЛ ХУРДАН ХОЛД" гэсэн зарчмыг энд бүрэн халж, гадаадад байгаа мэт л, чухам тэнд л үзүүлж болох үйлчилгээг үзүүлэх болно. Уул шугамандаа үйлчилгээ гэдэг чинь ийм л байдаг юмдаа гэмээр сэтгэгдэл надад төрсөн. Бусад байгууллагууд ч гэсэн тийм байсан бол...
Тансаг бөгөөд тохилог орчин, найрсан бөгөөд чанарлаг үйлчилгээг эндээс авах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэгүй wi-fi-тай учраас энд ажил төрлийн уулзалт болон түүнтэй холбоотой ажлаа гүйцэтгэх бүрэн боломжтой санагдсан, тэгдэг гэдэг нь ч харагдаж байсан. Нам гүм бөгөөд тухтай, за тэгээд "романтик" орчныг бүрэн бүрдүүлсэн учраас хосуудын хувьд болзооны хамгийн тохиромжтой цэг нь болох боломжтой, тэгдэг гэдэг нь ч бас харагдаж л байсан.
За тэгээд сүүлд нь сануулахад энэ бол зөвхөн миний бодол. Миний зүгээс өгсөн үнэлгээ. Таны зүгээс нэмэх санал сэтгэгдэл, шүүмж байвал сэтгэгдэл дээр үлдээхийг хүсье.


/
http://mongoltwitter.blogspot.com/

0 comments: